Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Төв аймгийн урьдчилан хорих төвд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулах очиж хорихын даргын өрөөнд Л.Гансүхтэй уулзжээ. Ерөнхий сайдын энэ уулзалтыг АТГ-аас бичиж авсан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Сэжигтэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргах, хөндлөнгөөс янз бүрийн шахалт дарамт ирэх зэргээр үйлдлүүд гарч байна. Ерөнхий сайд хууль зөрчин уулзсан учраас бид албан ёсоор хариу мэдэгдэл гаргаж байна. Ерөнхий сайдыг очиход хорих ангийн ажилчид бүгдээрээ жагсч байгааг та бүхэн бичлэгээс харж болно. Сэжигтнээр хоригдож байгаа хүн гарч ирээд хорих ангийн даргын өрөөнд очсон” гэж өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ ярьсан юм. Авлигатай тэмцэх газраас уг уулзалтын талаар гаргасан мэдэгдэлд “Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийн туслахаараа ажиллаж Н.Даваахүү, Ш.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин З.Мөнгөнтуяа, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Төмөрбаатар нартай хамтран “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн өмчит компани олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” гэж онцолжээ.
Categories