Categories
мэдээ нийгэм

АТГ Хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хурал зарлаж, шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр тус хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо. Энэ сард тус газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан байна. Мөн Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн” хэмээн танилцууллаа.

АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг:

“АТГ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говь-сүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна гэв.

Мөн энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянан шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш. Өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.

АТГ энэ аравдугаар сард хоёр төрлийн судалгааны дүнг танилцуулж мэдээлсэн. Нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа. Энэ судалгаа АТГ анх удаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500,000-1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан гэдэг нь судалгааны дүнд тусгагдсан. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Тиймээс нарийвчлан судалж байгаа.

Нөгөө нь хүүхдийн шударга байдлын судалгаа. Энэхүү судалгааг найм дахь жилдээ зохион байгуулсан. Монгол хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх онуудынхаас буурсан үзүүлэлттэй байна. Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв.

Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *