Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар ярилцлаа.
-Манай улсад авлигаас үүдэлтэй нийгэм болоод эдийн засгийн хохирол ихээхэн учирч байна. Тухайлбал, авлигаас үүдэлтэй хохирол 11 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэчлэлт хийсэн үү?
-Монгол Улсад Авлигын эсрэг хууль 2006 онд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 онд батлагдсан. Эдгээр хуулиар зохицуулж байгаа харилцаа нь шинэ тутам байсан бөгөөд хуулийг сурталчлан таниулах ажлыг Авлигатай тэмцэх газар тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд албан тушаалтнууд тодорхой ойлголт, мэдээлэлтэй болсон. Харин иргэд, олон нийтийн хувьд мэдээлэл хангалтгүй байдаг. Тиймээс удирдлага шинээр томилогдсоны дараа иргэдийг чадавхжуулж, оролцоог нь хангаснаар бодитой, үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлдэг болно гэж үзэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төрийн албан хаагчид биш иргэд, олон нийт рүү чиглүүлж зохион байгуулж, хэрэгжүүлж байна.
Манай Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс дүүрэг, хороодоор явж иргэдэд авлигын хор хөнөөлийг ярьж, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцох, саналаа өгөх, хэрвээ эрх нь зөрчигдвөл ямар шат дарааллаар хэнд хандах гэх мэт хууль, эрх зүйн талаарх мэдээлэл өгсөн. Иргэд их талархаж хүлээж авсан. Иргэдээ соён гэгээрүүлж байна гэхээр “Та нар авлигачдаа соён гэгээрүүл” гээд олон нийтийн сүлжээнд их мэдэгч нар нь шүүмжилдэг. Энэ мэтээр үг өөлөх амархан шүү дээ. Гэтэл эрх нь хэрхэн зөрчигдөж, яаж авлигын хохирогч болж байгаагаа, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хэнд хандах гэх мэт мэдээлэл иргэдийн хувьд хомс.
-Авлигын хэрэг илрүүлэхэд түвэгтэй, баримтаар нотлоход хүнд гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ олон нийтийн зүгээс авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг шуурхай шийдвэрлэж, зохих хариуцлагыг цаг алдалгүй оногдуулдаг байхыг хүсч, шаардаж байна. Авлигын хэрэг шалгах ажилтай холбоотой гарч буй өөрчлөлт бий юү?
-Авлигын гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх асуудал хуулиар зохицуулагдаад хяналт нь хэрэгжээд явдаг журмаараа явагдаж байна. Харин хэрэг шалгах ажлыг хуулийн дагуу, шуурхай явуулах чиглэлээр даргын албан даалгавар гарч, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, мөн тус яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажиллагааг нэгээс хоёр сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлсэн.
-Өнгөрсөн сард болсон хэвлэлийн хурлаар өндөр албан тушаалтнуудад холбогдсон хэргүүдийг шүүхэд шилжүүлж байна гэж мэдээлж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Тийм ээ. Ер нь удаан хугацаанд шалгагдсан, олны анхаарал татсан, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдсон хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлж байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдаж болж байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, гурван хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
-Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаас эхлэн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдоггүй, харин бага тушаалын хүмүүст хариуцлага хүлээлгэдэг гэх шүүмжлэл дагадаг. Өөрөөр хэлбэл, “акул”-тай нь бус “жараахай”-нуудын араас хөөцөлдөөд байна гэдэг. Энэ шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авах вэ?
-Ийм ойлголт, мэдээллийг хэн өгч байгааг маш сайн харах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар шууд хариуцлага тооцдог байгууллага биш шүү дээ. Өмнө нь ч хэлж байсан. Тодорхой хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа асуудал нь хэргийн бодит нөхцөл байдалтай таарах ч тохиолдол байна, таарахгүй ч тохиолдол бий.
Үндсэн хуульд заасанчлан шүүхээр тухайн этгээдийн гэм буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг зарчим бий. Тиймээс зарим асуудлыг маш олон удаа үнэн мэтээр давтсанаас хамаарч хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд эргэлзээ үүсч байна. Тийм ч учраас хэрэг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай явуулах боломжит бүхий л удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Нэг онцлог нь авлигын гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа тодорхой хугацаа шаарддаг асуудал бий. Наад зах нь маш олон санхүүгийн гүйлгээ хянаж, нэг төгрөг бүрийг шалгана шүү дээ.
-Авлигатай тэмцэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Энэ байгууллагын зорилго, хүрээ том, олон “томчууд”-ын ашиг сонирхолыг хөнддөг. Тийм учраас та бүхний өмнө нэлээн ноцтой бэрхшээл тулгардаг болов уу гэж боддог?
-Авлигатай тэмцэх үйл ажиллагаа аль нэг байгууллагын асуудал биш гэдгийг бид маш сайн ойлгох ёстой. Бүхий л шатандаа тэмцэж, нийтийн дунд авлигыг үл тэвчих үзэл төлөвшиж байж тэмцэл үр дүнтэй болно.
Энгийн жишээ дурдъя л даа. Нэгэн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авч байгаа талаар олон нийтийн сүлжээнд нэг хүн мэдээлэл оруулсан юм. Тухайн хүнтэй холбогдоод яг ямар албан тушаалтан болох талаар тодруулсан чинь Авлигатай тэмцэх газар өөрсдөө ажлаа хийнэ биз гэж хариулах жишээтэй. Тэгэхээр тэр хүн наанаа хууль бус зүйлтэй эвлэрэхгүй байгаа мэт боловч бодит байдал дээр шалгах чиг үүрэгтэй байгууллагад мэдээлэл өгөхгүй байгаа нь тэмцэх дургүй ч юм шиг дүр зураг харагдаад байна. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэдэг шиг л болоод байгаа юм.
Хандлагын асуудал их чухал. Өнөөдөр буруу зүйл хийсэн хүнд зөв шаардлага тавьсан нь адлагдаж, эсвэл буруу зүйл хийж байгаа нэг нь зөв зүйл хийсэн мэт шүтэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байна. Хууль ёсыг зөрчсөн нь зөв болж, хууль ёс ярьсан нь бурууддаг болжээ. Энэ бүхэн өдөр тутам бидний амьдралд нэгэн хэвийн зүйл мэт давтагдаж, эцэстээ байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг боллоо.
Тийм ч учраас зарим нэг хэргийн бичлэгийг нийтэд харуулсан. Энэ нь тухайн хэргийг онцлоод байгаа биш, ер нь ийм байгаа шүү гэдгийг харуулах гэсэн урьдчилан сэргийлэх ажил. Авлигатай тэмцэх газар ил, далд аргаар гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага. Бид гадны улс оронд очихоор хачин сайхан соёлтой, дэг журамтайг нь гайхаад тэр соёл, дэг журмыг нь дагаж байгаад ирдэг. Тэнд хэрвээ тэр соёлоос гажвал та муухай харагдана. Харин гэртээ ирэхээрээ дураараа авирлаж, хууль ёсыг уландаа гишгэнэ. Яагаад гэвэл бүгд тэрхүү буруу үйлдлийг хийж байгаа учраас соёлтой, дэг журамтай байвал таныг эвэртэй туулай шиг харна. Хамгийн энгийн жишээ хэлье. Та явган хүний гарцан дээр бусдад зам тавьж өгвөл араас чинь сигналь дарна, зарим нэг нь “яваач ээ” гэж хараана. Өөрөөр хэлбэл, дүрэм биелүүлснээрээ буруудна. Энэ бүх үйлдлээрээ бид нийгэмд тэр тусмаа ирээдүй хойч үедээ ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ. Хэнд ч үл итгэх, бусдын үйлдлийг муулсан хэрнээ өөрийн буруу үйлдлийг зөвтгөж, эсвэл өөрөө юу ч хийхгүй суудаг л дүр зураг харагдаад байна. Хууль бус эрх ашгаа хамгаалсан хэсэг бүлэг этгээд ард иргэдийг хагалан бутаргаж үнэн худлаа нь мэдэгдэхгүй мэдээллээр өдөр бүр, цаг минут тутамд “балбаж” байна. Биднийг мэргэжлийн багийн бэлтгэсэн мэдээллийн урсгалд хөл алдаж, өдөр тутам хар мэдээнд булагдаж, түүнд нь уурсан нэгнийгээ муулж байх хооронд өнөөх хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгаа хамгаалж, хууль бусаар хөлжсөөр, хөрөнгөжсөөр л явна. Нэг ийм сенсаци яваад л өнгөрдөг, энэ ярьж л байдаг, нэгнийгээ гүтгэж л байдаг, энэ ч хэн нэгний захиалгаар л ярьж байна даа гэх хэнд ч үл итгэх хандлага бидэнд суулгаж, түүнийг байнгын “давтан сургалт”-аар бататгаад байгаа юм. Нэг үгээр вакцинжуулаад байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө талбай дээр жагсаал цуглаан болоход их ач холбогдол өгч, тэр тэмцэл үр дүнгээ өгч байсан. Одоо жагсаж байвал тэрний захиалга, энэний захиалга гээд хэн ч тоохоо больсон. Яг жинхэнээсээ ард түмэн жагсах үед захиалга гээд тоохгүй шүү дээ. Үнэ цэнийг нь алдагдуулж байна гэсэн үг. Жижиг мэт боловч энэ хандлага зөвхөн авлига гэлтгүй олон асуудалд чөдөр тушаа болж байгаа гэж харж байна.
-Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн зохицуулалт хэр байна вэ?
-Хуулийн хувьд засч, сайжруулах зүйлс байгаа. Олон улсын байгууллагуудаас ч гэсэн тодорхой зөвлөмж чиглэл өгдөг. Гэхдээ Авлигын эсрэг хуультай болсноор, Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Өмнө нь авлигын асуудал байсан ч ийм хэмжээнд яригддаггүй байв. Тэр үед авлига байгаагүй биш байсан. Харин ч Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар олон нийт энэ талаар мэддэг болж, албан тушаалтнууд тодорхой үүрэг хүлээдэг болсон. Хамгийн энгийн жишээ төрийн албан хаагч нар тангараг өргөөд төрд ажиллаж байгаа бол хөрөнгө орлогоо мэдүүлдэг болсон. Тэр нь олон нийтэд нээлттэй болсон гэх мэт.
-Авлигатай амжилттай тэмцэж буй улс орнуудын жишээ, туршлагаас дурдахгүй юу. Манай улс үлгэрлэн дуурайх олон арга туршлага байгаа байх?
-Олон улсын жишиг туршлага олон байна л даа. Тухайлбал, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийж, хүний оролцоог багасгаж авлигаас урьдчилан сэргийлж байна. Ялын бодлого маш хүчтэй байна. Зарим улс орон тусгай шүүх байгуулж байх жишээтэй. Гэхдээ нийтлэг харагдаж байгаа жишиг юу вэ гэхээр нийтийн хүсэл зориг их, оролцоо хүчтэй, улс төрийн хүсэл эрмэлзэл өндөр байх тусмаа энэ тэмцэлд ялах магадлал их байна. Жишээ нь, “Панама паперс”-ийн 2016 онд нийтэд зарласан мэдээлэл дунд Дани улсын 500-600 орчим иргэний оффшор данстай холбоотой асуудал гарч тухайн үед 1.9 тэрбум орчим ам.долларын татварын асуудал яригдана гэж байсан. Гэтэл энэ улс төсөөллийн индексээр дэлхийн улс орнуудаас нэгдүгээр байрт явж буй шүү дээ. Бидэн шиг ялгаагүй л мөнгөө оффшор бүсэд нуусан асуудал гарсан. Гол ялгаа нь тухайн үед Данийн татварын газар 900 мянга орчим ам.доллар гаргаж, тэдгээр 500-600 орчим хүний нарийн мэдээллийг нууц эх сурвалжаас худалдаж авсан тухай мэдээлэл гарч байсан. Тэмцэнэ гээд ярих, тэмцэж бодит үйлдэл хийхийн ялгаа заагийг эндээс харж болно.
Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард Данийн нийслэл Копенгаген хотод болсон 18 дахь удаагийн Авлигын эсрэг олон улсын хурлын үеэр Дани улсын Хөгжил, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн сайд Улла Торнес “Тогтвортой хөгжлийн зорилтуудад авлигын асуудал ихээхэн саад учруулж байна. Авлига дэлхий нийтийн асуудал болсон учраас олон улсын түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан бол авлигатай тэмцэх ажлыг улс төрийн өндөр түвшинд хэлэлцэж, үг яриаг бодит ажил үйлс болгоход чиглэгдэж байгаа явдал юм” гэж байсан. Мөн тус хурлын үеэр нийт донор орнуудаас бусад улс руу явуулж буй хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ гэх мэт хөрөнгө оруулалтыг 10 ам.доллар гэж тооцвол түүний 1 ам.доллар нь л зорилтод бүлэгтээ хүрч, үлдсэн 9 хувь гэмт хэргийн замаар алга болж байна гэж яригдсан. Энэ бол яалт ч үгүй дэлхий нийтийн асуудал болоод байгаагийн жишээ.
Г.БАТЗОРИГ