Categories
мэдээ нийгэм

АТГ-аас энэ сард хийсэн ажлуудаа тайлагналаа


Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оролцож, 2018 оны тавдугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

801 нийтийн албан тушаалтныг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн төвд зохион байгуулагдаж буй соён гэгээрүүлэх сургалтад 801 нийтийн албан тушаалтныг хамруулсан. Түүнчлэн Нийслэл болон 21 аймаг дахь төрийн өмгөөлөгчдийн нэгдсэн сургалт, ЦЕГ-ын төв орон нутгийн төсөв санхүүгийн асуудал хариуцсан ажилтнуудын нэгдсэн семинарт, Төрийн банкны орон нутгийн салбарын захирлуудад, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дэд дарга буюу ерөнхий инженер, хуулийн мэргэжилтэн нарт зориулсан семинар, зөвлөгөөн зэрэгт оролцсон 271 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийв.

Засгийн газар, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд 2017 онд хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллаж байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу зарим яам, агентлаг бодитой үр дүнд хүрсэн ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжид туссан байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байсан зэрэг “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Гэвч авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахгүйгээр нийтийн албан тушаалтныг томилдог, хөрөнгө орлогын мэдүүлэгээ хугацаа хоцруулдаг, тендер сонгон шалгаруулалт, худалдан авалтыг хууль зөрчин гүйцэтгэдэг, төсөв, санхүүгийн зарцуулалт хяналтгүй, эрх бүхий албан тушаалтны үзэмжээр шийдвэрлэдэг, нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгодог зэрэг зөрчил, дутагдлууд гарсаар байна. Тухайлбал, нэр бүхий төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй обьект түрээслүүлэх гэрээ байгуулахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй, түрээслэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдээс түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр хүлээн авдаг байдал тогтоогдсон. Түрээсийн төлбөрийн оронд түрээслэгчид өртэй иргэнийг жолоочоор авч ажиллуулан цалинг нь өрний оронд суутган авдаг, мөн түрээсийн төлбөрийн оронд Лексус 570 автомашиныг бартераар 2016 онд хүлээн авсан боловч зохих журмын дагуу байгууллагын өмчид бүртгүүлэлгүй, хувь хүний эзэмшилд байлгаж байна.

Түүнчлэн яамдын түвшинд гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт бага, хэт үрэлгэн байгаа нь авлигын эрсдлийг бий болгож байна. Эдгээр төслүүд нь гадаадын зээлээр санхүүждэг учир шууд утгаараа төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй боловч урт хугацаандаа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг. Жишээ нь, нэг яамны хэмжээнд 2012 оноос 20 гаруй сая ам.долларын, 2015 оноос 30 гаруй сая ам.долларын төслүүд хэрэгжиж байгаа боловч тодорхой хүрсэн үр дүнгүй, үр ашгийг тооцдоггүй байдалтай байна. Мөн нэг яам 2012-2017 онд 10 гаруй сая ам.долларын төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гадаадын зээлээр хэрэгжүүлсэн боловч үр дүн нь тодорхойгүй байдалтай байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *