Categories
мэдээ цаг-үе

“Аспайр майнинг” Хөвсгөлд 560 км авто замын бүтээн байгуулалт өрнүүлэх нь

-ЭРДЭНЭТ-ОВООТ ЧИГЛЭЛД ТАВИГДАХ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМААР НҮҮРСНЭЭС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭНЭ-

Хувийн хэвшил хөрөнгөө гаргаж барих хамгийн урт замын бүтээн байгуулалт Хөвсгөл аймагт өрнөх гэж байна. Хөвсгөлийн Цэцэрлэгийг Эрдэнэт хотын төмөр замын өртөөтэй холбосон 560 км хүнд даацын хатуу хучилттай замыг бүтээн байгуулах компани нь “Аспайр майнинг”. Тус компани Хөвсгөлд орших Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшдэг юм. Овоотын коксжих нүүрсний нөөц нь 230-250 сая тонноор хэмжигдэж байна. Олон улсын ЖОРК стандартаар нөөцийг нь тогтоосон энэ ордын нүүрс Таван толгойн коксжих нүүрстэй өрсөлдөхгүй, харин ч биенээ нөхөх, дэмжих давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдгийг уншигчид мэднэ. Хар үгээр тайлбарлавал ойролцоогоор гурваас таван төрлийн нүүрсийг хольж байж ган хайлдаг. Ган хайлахад Таван толгойнх шиг коксжих нүүрс их хэмжээгээр ордог бол Овоотынх шиг төрлийн нүүрс 15-25 хувийг нь эзэлдэг гэж нүүрсний салбарынхан онцолж байна. Өөрөөр хэлбэл Таван толгой, Овоотын нүүрсийг хольж байж ган хайлах боломж бүрддэг гээд ойлгочихож болно. Бүр энгийнээр тайлбарлавал энэ хоёр ордын нүүрсийг холихоор тун дажгүй чанарын коксжих нүүрс гарч ирдэг гэсэн үг. Овоотын нүүрсэнд өөр нэг том давуу тал бий. Хятадын Шаньси мужийн нүүрсний зарим орд, Оросын Кузбасаас Овоотынх шиг чанарын коксжих нүүрс гардаг. Гэхдээ сүүлийн үед Орос, Хятадад нэлээд гүний олборлолт хийж, багагүй зардал өртөг болсны эцэст энэ төрлийн нүүрсийг олборлож байгаа. Овоотоос нүүрс тээвэрлээд эхэлбэл зах зээлийн эрэлт их, өндөр үнэтэй нүүрсний экспортын орон зай бийг эндээс харчихаж болно. Тэгэхээр бүтээн байгуулалт нь удахгүй өрнөх 560 км хүнд даацын авто зам ашиглалтад орчихвол нүүрсний экспортоос олох ногоон валютын хэмжээ мэдрэгдэхүйцээр өсөх нь.

“Аспайр майнинг”-ийнхан нүүрсний ордоо хориос дээш жил ажиллуулна. Удахгүй барьж эхлэх авто замаараа жилд дөрвөн сая орчим тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Тэд эхний 5-8 жилд нь л барьсан авто замаа ашиглана. Үргэлжлүүлээд өөрсдийн барихаар төлөвлөж буй төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ гэсэн зураг гаргажээ. Тэгэхээр цаад зах нь найман жилийн дараа 560 км үргэлжлэх хүнд даацын авто зам улсын мэдэлд ирэх нь. Олон нийтийн хэрэгцээнд ийм хэмжээний зам ирнэ гэдэг эдийн засаг талаасаа маш том давуу тал.

Энэ замаар жилдээ дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэнэ гэхээр Таван толгойн зам дээр үүсдэг шиг түгжрээ таглаа үүсэхгүй гэсэн үг. Эрдэнэтээс цааш тээх төмөр замын хүчин чадал ч энэ хэмжээнд нөлөөлсөн байх. “Аспайр майнинг”-ийн хөрөнгө босгож бүтээн байгуулах авто замаар нүүрснээс гадна авто замтай ойролцоох сумдынханд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломж бүрдэх эерэг талтай. Мөрөнгийн наахна орших зүүн талын сумдынхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өртөг зардал багатай тээвэрлэнэ гэж олзуурхаж суугаа юм байна. Энэ замаар Овоотын баяжуулах үйлдвэрээс гарах нүүрснээс гадна Могойн голын нүүрсний ордынхон ч тээвэрлэлтээ хийх боломжтой аж.

Авто замын ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ. Замын судалгааг хийхдээ дор хаяж гурван маршрутыг харьцуулан судалдаг. Ингэж судалсны эцэст эдийн засгийн ашиг, нийгмийн өгөөжийг харгалзаж аль нэгийг нь сонгодог юм. Орон нутгийн иргэд, удирдлагын саналыг онцгойлж сонсох чигийг компанийн зүгээс барьж буй бололтой. Гэхдээ маршрут сонгох эцсийн шийдвэрийг салбарын яам гаргадаг. Тэр утгаараа Хөвсгөлийн 560 км авто замын бүтээн байгуулалт одоогоор яг хаагуур яаж өрнөх нь тодорхой болоогүй байна. ТЭЗҮ батлагдаж, маршрут тодорхой болсны дараа хөрөнгө оруулалт татах ажил эхэлнэ. Хөрөнгө оруулалтын тухайд “Аспайр майнинг” олон улсын зах зээлээс мөнгө босгох төлөвлөгөө гаргаад байгаа аж.

“Аспайр майнинг” компанид Зам тээврийн хөгжлийн яамнаас баталж гаргасан ажлын даалгаврын хүрээнд ТЭЗҮ боловсруулах урьдчилсан судалгааг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК эхлүүлжээ. Тус компани авто замын зөвлөх үйлчилгээ эрхэлдэг Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж. Төслийн ТЭЗҮ-д инженерийн хайгуул судалгаа, авто замын трассын хувилбар болон сонголт, урьдчилсан төсөөлөл, эдийн засаг нийгмийн ач холбогдол гэх мэт том ажлууд багтаж байна. “Ай Си Ти Сайн Консалтинг”-ийн хувьд замын трасс дээр Хөвсгөл, Улаанбаатарыг холбосон одоогийн замаас өөр маршрутыг санал болгож байгаа аж. Цоо шинэ маршрут биш, хангалттай сайн судлагдсан чиглэл гэх мэдээлэл чих дэлсч байна. Ямартаа ч Мянганы замын хэвтээ чиглэлийн трасс буюу Хөвсгөл, Булган аймгийн арав гаруй сумдын нутгаар дайран нийслэл, Эрдэнэт, Дархан зэрэг суурин газруудтай шууд холбогдох боломжтой зам байх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөл гарчихаж. Баруун аймгуудыг нийслэлтэй холбосон шороон замын маршрут учраас уул гүвээ сэтэлж, ус голын урсгал тасалдуулахгүй гэсэн давуу тал байгаа гэнэ. Судалгааны үндсэн дээр ТЭЗҮ боловсруулахтай зэрэгцэж байгаль орчны бүх л нарийвчилсан судалгаа хийгдэх юм байна. Мэдээж 560 км авто зам тавина гэдэг амар ажил биш. Нүсэр процесс өрнөж таарна. Энэ замыг үндэсний компаниудын хүч, нөөц бололцоогоор барих боломжтой гэсэн таатай мэдээ дуулдаж байна.

Сонирхуулж хэлэхэд Овоот-Эрдэнэт чиглэлийн энэ замыг ирээдүйд цахилгаан машин явуулах төлөвлөлтөөр барих гэнэ. Бүр тодруулж хэлбэл тусгай зориулалтын өргөн зам байх бололтой. Байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг шингээнэ гэсэн мэдээ дуулдаж байна. Герман, Шведэд өдгөө амжилттай туршиж буй шийдлүүдийг нэвтрүүлэх талын яриа хөөрөө аль хэдийнэ эхэлжээ. Цахилгаан машин явах учраас замыг бүхэлд нь гэрэлтүүлэх, цахилгаан цэнэглэгч тусгай станцуудыг зам дагуу байгуулах гэх мэт чихэнд чимэгтэй шийдлүүд ч яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийн иж бүрэн шийдэлтэй зам дагасан хөгжил Хөвсгөлд бий болох нь. Дэлхий аль хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн, ойрын таван жилд өргөн хэрэглээнд хүч түрэн орж ирнэ гэж буй цахилгаан машины зориулалтын зам баригдчихвал хөвсгөлчүүдэд том боломж нээгдэх нь тодорхой. Товчхондоо Хөвсгөл, Булган аймгийнхны хувьд цахилгаан машин ердийн хэрэглээ болох суурийг “Аспайр майнинг”-ийнхан тавих гэж байна гэсэн үг.

Уул уурхайн төслийн өгөөж ашгийг хэмждэг нэг том шалгуур бол дэд бүтэц. Олборлолт, үйлдвэрлэл явуулж буй орон нутагтаа дэд бүтцийг аваачиж байгаа төслийг сайн гэж тодотгодог. Овоотын хувьд Хөвсгөлд хоёр том давуу талыг өгөх нь тодорхой болжээ. Эхнийх нь сая ярьсан 560 км авто замын бүтээн байгуулалт. Наад зах нь л тус замын бүтээн байгуулалтыг үндэсний компани хийнэ гээд бодохоор эдийн засагт нөлөөлөх өгөөж ашиг нь тэр хэрээр өсч таарна. Хоёр дахь том төсөл нь төмөр зам. Эрдэнэт-Овоот чиглэлийн 500 гаруй км төмөр зам баригдсан тохиолдолд орон нутаг, улсын эдийн засгаар тогтохгүй үр өгөөжтэй. Эрдэнэт-Овоотын төмөр зам Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” төлөвлөгөөний бүтэц хэсэг. Үндэсний төмөр замын сүлжээг Эрдэнэтээс Овоот рүү өргөтгөх, бүр цаашлуулж яривал ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох ирээдүйн зураг бий. ОХУ-ын Засгийн газар тус төмөр замыг цааш нь Транс Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох, ингэснээр Сибир болон Монгол Улсын хойд бүс нутгийг Хятадтай холбох олон улсын төмөр замын холбоос үүсгэх төлөвлөгөө бийг энэ дашрамд давтан онцолъё. Тэгэхээр Овоот энэ утгаараа бүс нутгийн эдийн засагт өгөөж өгөхөөр цараатай төсөл юм.

Уул уурхайтай аймгууд хөгжлөөрөө түүчээлж байгаа. Овоотын нүүрсний экспорт эхэлбэл бусдаар тэжээлгэдэггүй, өөрийгөө тэжээгээд, улсын төсөвт их хэмжээний татвар төлөөд явах аймгийн тоо нэгээр нэмэгдэх давуу тал бас бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *