Categories
мэдээ улс-төр

АШУҮИС-ийн эмнэлгийг энэ сард ашиглалтад хүлээн авна

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг энэ сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 гаруй оюутан, 1000 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломж бүрдэж байна.

Эмнэлэг жилд дунджаар 11 мянга гаруй хүнд дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрөлжсөн мэргэжлээр хэвтүүлэн эмчилнэ.

4800-5200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24 кабинет, оношлогооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай юм.

Товч мэдээ

– “Төрийн жинхэнэ албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжив. Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурт харилцааны болон ёс зүйтэй холбоотой шаардлагыг нэмж тусгах, ач холбогдолгүй, шаардлагагүй материал бүрдүүлэх зэргээр иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх, шалгалт авах байр, бусад нөхцөлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлэх зэргийг нэмж тусган Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр болов.

– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

– Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай шилдэг эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэв.

– БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Зола Брос” хамтлагийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Хамтлагийн уран бүтээлчид Т.Будын найруулсан “Хувьсал” үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн байна.

– Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг худалдан авах, хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар гаргана. МУЗН “Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж 1000 хүүхдэд тусламж үзүүлэхээр бэлдэж байна. Сири Улсын 13 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бөгөөд зургаан сая нь хүүхэд юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *