Categories
мэдээ нийгэм

АШУ-ны хоёр оюутан Азийн шилдэг 20 оюутны тоонд багтлаа

Манай улсаас Японы Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуулийн Анагаах ухааны факультетад 100 хувийн тэтгэлэгтэйгээр хоёр оюутан суралцахаар болжээ.

Тэтгэлэгт оюутнаар Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас хоёрдугаар дамжааны оюутан Талгатын Тилеубек, Ганбаатарын Төмөржин нар сонгогдсон байна. Т.Тилеубек, Г.Төмөржин нарт тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэлийн зардал, амьжиргааны зардал зэрэг тус бүр хамгийн ихдээ 30 сая иений тэтгэлэг олгох аж.

Ирэх оны дөрөвдүгээр сараас Анагаах ухааны факультетийг шинээр нээн ажиллуулах гэж буй Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль нь олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх болон Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Азийн улс орнуудаас 20 оюутныг суралцуулахаар шийдвэрлэсний дотор Монгол улсаас хоёр оюутан сонгогдсон нь энэ юм.

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хоёр оюутанд хандаж

– 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Японы Анагаах ухааны салбарт суралцана гэдэг бол туйлын ховор боломж. Энэ хөтөлбөрт Монгол улсаас хоёр ч оюутан сонгогдсон нь нэн баярлууштай явдал юм.

– Япон улсын засгийн газар Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэх ажлыг идэвхийлэн дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын залуу эмч нарт мэргэжлийн дадлага туршлага суулгах зорилготой Япон Монголын сургалтын эмнэлгийг байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

– Энэ удаад Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуульд суралцах хоёр оюутны тухайд Япон улсад сурч мэдсэн зүйлээ энэхүү сургалтын эмнэлэгт авч ирж хэрэгжүүлвэл туйлын их баяртай байх болно. Энэ алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ирээдүйн Монголын анагаах ухааны хөгжилд үр шимийг нь гаргаасай гэж хүсч байна” хэмээн урмын үгийг хэлэв.

– Япон улс нь засгийн газрын хөгжлийн тусламжийн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллага хоорондын тусламжаар дамжуулан Монгол орны эрүүл мэндийн салбарыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллаж байгаа юм.

Монголын хоёр залуу боловсон хүчнийг Япон улсын анагаах ухааны их сургуульд суралцуулж байгаа нь Япон улсаас хэрэгжүүлж байгаа Монголын эрүүл мэндийн салбарт чиглэсэн боловсон хүчин болон техник технологийн харилцааны томоохон алхам болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *