Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.32 цагт 57.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 21 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах шаардлагатай байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ийн хоёр тойрогт энэ оны гуравдугаар сард нөхөн сонгууль явуулна. Гэтэл намаас уг сонгуулийг хойшлуулахаар шүүхийн байгууллагад хандсан байна. Үүнээс үүдэлтэйгээр зарим тойргийн иргэд төрийн удирдах байгууллагад төлөөлөгчөө ажиллуулах боломжгүй болоод байна” хэмээв.

Мөн О.Баасанхүү гишүүн, “Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг өөрчилж, бусдыг гүтгэх асуудлыг хязгаарлах хэрэгтэй байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудлыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бид сар бүр нэг тэрбум гаруй төгрөг торгуульд төлж байна” гэлээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргалаа. Тэрбээр, “Энэ хуулийг нарийвчлан боловсруулах асуудлыг Засгийн газар дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм” хэмээв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн АТГ, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Тиймээс хуулийн байгууллагын шалгалт дуусаагүй байхад нийтэд мэдээлэл хүргэх нь тохиромжгүй” хэмээв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлыг шийдвэрлэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарах хэрэгтэй” гэлээ. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах талаар санал хураахад гишүүдийн 56.6 хувь дэмжлээ.

Ийнхүү чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсож байна. Тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ё.Баатарбилэг, М.Билэгт нарын гишүүний саналаар түр хойшлууллаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм. Түүнчлэн уг хуулийн “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт энэ сарын 01-нд дууссан юм. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү заалтын үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин 5 жил сунгахаар хуулийн төсөлд тусгажээ.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт нар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гадаадад томилолтоор яваа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжлээ. Чуулганаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” тогтоолын төслийг анхлан хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *