Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн X хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын бэлтгэл ажлын санхүүжилт, БНСУ-ын EXIM банкны зээлээр авахаар төлөвлөж буй улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд зориулсан их багтаамжийн 300 автобусны асуудлыг хэлэлцлээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар ИНЕГ-ын хөрөнгө оруулалтаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд хийгдсэн ажил болоод Зорчигч терминалын Олон улсын зорчигчдын танхимуудыг өргөтгөх транзит заал шинээр зохион байгуулах, 4С ангиллын агаарын хөлгийн 9 зогсоол нэмж барих, хөөрч буух хучилттай зурвасны хүчитгэлийн ажлын явцыг танилцууллаа. Эдгээр ажлын гүйцэтгэл 90-100 хувьтай яваа ажээ.

Мөн тус хуралдаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шуурхай удирдлагын штабууд болон нэгдсэн удирдлагын төв байгуулах тухай танилцуулга хийлээ.

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэхээр төлөвлөж байгаа юм. Үүнд анхаарч ажиллахыг Гадаад хэргийн яамны ажил хариуцсан хүмүүст Ерөнхий сайд үүрэг болголоо.

Дээд түвшний уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зочид төлөөлөгчид байрлах болон уулзалт зохион байгуулагдах газрын маршрутын дагуу хэд хэдэн замыг засварлах, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам хийх зэргээр нэмж тохижуулахаар болж байна.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *