Мьянмарын холбооны улсад армийнхан төрийн эрхийг гартаа оруулснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Тус улсын иргэд армийнхны төрийн эргэлтийг эсэргүүцэж, үе үе мөргөлдөөн үүсэж, амиа алдсан хүний тоо 700 даваад байгаа юм.
Өнөөдөр Зүүн Өмнөд Азийн Холбооны төлөөлөгчид Мьянмарт айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус улсад энх тайвныг бий болгох хүчин чармайлтын хүрээнд энэ айлчлал зохион байгуулагдах юм.
Тодруулбал, АСЕАН–ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Лим Жок Хой, болон тус байгууллагын удирдлагын багийн гишүүн Эрюван Юсоф нар Мьянмарын холбооны улсад айлчилна. Бруней улсын улс төрчид АСЕАН–ыг төлөөлж, хуучнаар Бирмийг ийнхүү зорино. Энэ айлчлалын гол зорилго, мөн хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байгаа.
Гэхдээ дипломат эх сурвалжийн мэдээллээр АСЕАН ны төлөөлөгчид Мьянмар уруу элчээ илгээх асуудлаар тус улсын армийн генералуудтай яриа, хэлэлцээ өрнүүлэх аж. АСЕАН болон Мьянмарын армийн удирдлагуудын хоорондох уулзалт Индонез улсад зохион байгуулагдсанаас хойш сарын дараа энэ айлчлал болж байна.
АСЕАН–ын гишүүн орнууд тусгай элчийг сонгох асуудал дээр багагүй санал зөрөлдөж байгаа мэдээлэл гарчээ. Лхагва гарагт Индонезийн Гадаад Хэргийн сайд Ретно Марсуди Мьянмар уруу илгээх тусгай элчийг яаралтай сонгохыг АСЕАН-д уриалсан юм.