Categories
мэдээ спорт

Асашёорү Д.Дагвадорж: Тулааны урлагаар дамжуулаад монгол залуусыг дэлхийд гаргахад хамтран ажиллаж байна

Мэргэжлийн холимог тулааны “Зэв” холбооноос зохион байгуулж буй “Zev fight night -1” тулааны хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд “Зэв” холбооны капитан Асашёорү Д.Дагвадорж, холбооны удирдах зөвлөлийн гишүүн “Hero” интертайментийн захирал Б.Баатар, мөн тус холбооны гүйцэтгэх захирал Б.Баярбямба, холбооны Ерөнхий менежер Ц.Ганзориг нар оролцлоо. 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн баяраар тулааны урлагт сонирхолтой залуус энэхүү холбоог байгуулжээ. Ер нь тамирчид маш сайн бэлтгэл хийдэг ч гадагшаа тэмцээн уралдаанд явах нь бага байдаг учир холбоо байгуулаад энэ спортоо хөгжүүлэх тал дээр хамтран ажиллая гэж бодсон хэмээн тэд ярилаа.

Холбоог үндэслэгч Б.Баярбямба: “Бид цахимаар Асашёорү аваргатай холбогдож байсан. Тэмцээн уралдаан зохион байгуулах тал дээр өөрийн нэр хүндийг ашиглан сурталчилж өгөөч гэдэг байдлаар анх холбогдож байлаа. Анхны уулзалтууд хийгдээд ажил хэрэг болоод анхны тэмцээн маань тавдугаар сарын 6-нд АСА циркт зохион байгуулагдах гэж байна. Кик боксийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 64, 67 кг-ийн жинд дөрөв дөрвөн шилдэг тамирчид оролцсоноос хоёр нь тавдугаар сарын 28-нд Японы Нагоя хотод болох “STAND FIGHTING NETWORK K-ING” олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм” гэв.

Асашёорү Д.Дагвадорж: Миний зүгээс энэ холбоог дэмжигчийн байр суурьнаас оролцож байна. Монголын маань өнцөг булан бүрт энэхүү тулаанд оролцох боломжтой залуус байгаа. Энэ тулаанд явах тамирчдыг дагалдаад холбооны капитан Асашёорү гэсэн нэр гарах юм бол Японд илүү олон хүн таних болов уу гэж бодсон юм. Дээрээс нь Асашёорү гэдэг нэрийг та бүхэн минь ашиглаарай гэсэн үүднээс дэмжин оролцож байгаа юм шүү. Гол нь 2004 оноос монголын тулаанчид олон тулаанд амжилттай явж ирсэн. Ур чадвар бол их сайжирсан. Энэхүү тулааны урлагаар дамжуулаад залуусыг дэлхийд гаргах, суурь хүмүүжлийг сайжруулж өгье гэсэн бодлоор хамтарч ажиллаж байгаа юм. Цаашид энэ эрхэм зорилгоо хадгалж яваарай гэж хүсч байна. 12 дугаар сарын 31-нд мөн тэмцээн японд болдог. Цааш цаашдын тэмцээнд оролцоод оргилд нь монгол залуус маань хүрээсэй гэдэг нь миний эрхэм зорилго юм шүү” гэв.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/ZEVfc/ хаягаар сонирхоорой.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *