Өнөөдөр Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд Асасэкирюү Бадарчийн Дашнямын зодог тайлах ёслол болж байна. Японы мэргэжлийн сумо бөхөд хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сумо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.
2000 оны тэргүүн башёд сумогийн дэвжээнд гарч байсан тэрбээр 2003 оны хаврын башёгоос Макүүчи зиндаанд дэвшин барилдсан юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолонд хүрч байв.
Асасэкирюү Б.Дашням 2016 оны Кюүшюү башёд Макүшита зиндаанд унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог Сэкитори хэмээх статусаа алдсан юм. Ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан бөгөөд зодог тайлсны дараа сумо бөхийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул 2017 оны дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон билээ. Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллахаар болжээ.