Categories
мэдээ нийгэм цаг-үе

​“…Арвич хэрэглээ, ухамсарт худалдан авалт нь орчин үеийн соёлт хүн бүрт байвал зохих дадал юм”

Тогтвортой хөгжлийн хүрээнд сүүлийн үед тогтвортой үйлдвэрлэл, тэр дундаа ноос, ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн асуудал сонирхож татаж байна. Байгальд ээлтэй, ёс зүйтэй, нийгэмдээ хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай буюу тогтвортой үйлдвэрлэлийг ноос, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүрийн төвшинд хөгжүүлж, тогтвортой үйлдвэрлэлийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах цогц ажлуудыг хэрэгжүүлдэг AVSF Монгол буюу Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ТББ-ын Суурин төлөөлөгч Гийом Туатитай ярилцлаа.

AVSF буюу Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид олон улсын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго юу вэ?

Франц улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” буюу AVSF ТББ нь 1977 оноос эхлэн олон улсын эв санааны нэгдлийн төлөө өрхийн бичил аж ахуйг дэмжин ажилладаг.AVSF нь өдгөө дэлхий даяар 82 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, 80 гаруй түнш байгууллагатай хамтран 700000 орчим иргэдэд хүрч ажиллаж байна.

AVSF байгууллага анх 2004 онд Монгол улсад нүүдлийн мал аж ахуйг дэмжих зорилгоор байгуулагдсан. Энэ цагаас хойш байгаль эхтэйгээ шүтэлцэн ирсэн монголчуудын уламжлал, нүүдлийн аж ахуй, амьдралын хэв маяг, ахуй соёлыг хадгалах, мал аж ахуйгаас олох орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид ноос ноолуурын тогтвортой үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлж, малчдын амьжиргааг дэмжих, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн Монгол улсын хөгжлийн томоохон бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар

AVSF Монгол байгууллага нь Европын холбоо болон Дэлхийн байгаль орчны төлөө Францын сангийн санхүүжилтээр агуулга, арга барилын хувьд хоорондоо нягт уялдаа бүхий төслүүдийг хэрэгжүүлдэг.

Эдгээр төслүүд нь түүхий эдийн нэмүү өртөг бий болгох, малчдад малаас өөр амьжиргааны эх үүсвэртэй болж, бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх, тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг малчдын хоршоодоос боловсруулах үйлдвэр хүртэлх үе шат бүрт нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд техник, арга зүйн туслалцаа үзүүлж, ур чадвар эзэмшүүлэхийг зорино.

Бид төслүүдээ хэрэгжүүлэхдээ малчдын хоршоодтой ажиллах, малын удмын сан, эрүүл мэндийг сайжруулах, түүхий эдийн чанарыг эрхэмлэх зэрэг үндсэн гурван зарчмыг баримталдаг.

Төслүүдийг хэрэгжүүлэхэд манай түнш байгууллагууд их том үүрэгтэй, жишээ нь бид Тогтвортой ноолуур холбоо болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран гэрчилгээжсэн түүхий эд бэлтгэдэг малчдын хоршоодыг чадавхижуулах чиглэлд ажилладаг. Харин тогтвортой үйлдвэрлэлийг ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүдэд хэрэгжүүлэхэд Монголын ноос, ноолуурын холбоотой, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ногоон зээлийн боломжуудтай холбох ажлыг Байгаль орчны аюулгүй байдлын төв, Монголын тогтвортой санхүүжилт холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай тус тус хамтран ажиллаж байна.

Төслүүдийн үр дүнгээс дурьдвал…

Анх бид Архангай, Баянхонгор аймагт 850 өрх бүхий малчдын холбоод байгуулж, малын эрүүл мэнд, удмын санг сайжруулах чиглэлд сургалт, зөвлөгөө өгсний үр дүнд Архангай аймгийн 170 гишүүн өрх Ар Арвжих Хоршоо болж өргөжин, өдгөө Европын орнууд руу сарлагийн боловсруулсан хөөвөр болон Baby Yak брендийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн экспортолж байна.

Мөн 2015 онд Дэлхийн байгаль орчны төлөө Францын сангийн санхүүжилтээр Тогтвортой ноолуур төслийг Баянхонгор аймгийн таван суманд хэрэгжүүлж эхлээд тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтийн схемийг санаачилсан юм. Ингээд 2017 онд тогтвортой ноолуур бэлтгэгч малчдын хоршоодын санаачилгаар “Тогтвортой ноолуур” Холбоог байгуулж, өдгөө энэ холбоо нь бие даасан байгууллага болж өргөжин өдгөө Баянхонгор аймгийн таван хоршоодын 350 өрхийн 1500 гаруй малчдыг элсүүлж, гадаад, дотоодын 20 гаруй компанид, гэрчилгээжсэн, тогтвортой ноолуурыг нэмүү өртгөөр нийлүүлж байна.

Мөн AVSF Монгол байгууллагын Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төсөл нь ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой. Тогтвортой түүхий эд бэлтгэлийн тогтолцоог малчдын хоршоодын төвшинд сайжруулахаас авахуулаад боловсруулах үйлдвэрүүдэд тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлж, Монголын тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах гэсэн асар өргөн агуулгатай төсөл.

Саяхан энэ төслийн хүрээнд Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийг Монголын ноос ноолуурын холбоо болон Германы мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Одоогийн байдлаар дүрэмд нийт 16 ноос, ноолуурын үйлдвэр нэгдэж, тогтвортой, хариуцлагатай, ил тод, итгэлтэй ноос, ноолуурын үйлдвэрлэлийн төлөө хамтын зүтгэл гаргахаа баталсан нь Монгол улсын хөгжлийн олон зорилтуудад хувь нэмэр оруулах томоохон алхам боллоо.

Тогтвортой үйлдвэрлэл зөвхөн түүхий эд бэлтгэгчээс хамаараад зогсохгүй боловсруулах үйлдвэр, хэрэглэгч хүртэлх талуудыг хамаардаг ойлголт уу?

Тийм ээ. Мал идээшиж байгаа бэлчээрийн эрүүл байдал, малын тавлаг байдлаас авахуулаад тухайн малчны сэтгэл, итгэл, анхан шатны боловсруулалт хийж буй ажилчны хариуцлага, ээрүүлийн үйлдвэрийн ээрэгчийн нягт нямбай байдал, утсаар хувцас бүтээж буй үйлчний ур, эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авч буй хэрэглэгчийн ухаалаг сонголт, хэрэглээд элээгээд дуусах хүртэлх тэр бүх үйл явц тогтвортой байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл байгальдаа ээлтэй, ёс зүйтэй, нийгэмдээ таатай, эдийн засгийн хэмнэлттэй аргаар үйлдвэрлэхийг хэлнэ. Үүн дээр нэмээд хэлэхэд хэрэглэгчид, ялангуяа залуу хэрэглэгчдийн хүсэл, хүлээлт өөрчлөгдөж байна, байгалийн нөөцөөс үлдээхийг залуу үе биднээс шаарддаг болсон байна. Хэмнэж хэрэглэх, ухамсартайгаар худалдан авах нь орчин үеийн иргэний эзэмшсэн байвал зохих чадвар, соёл болжээ. Иймд энэ цаг үед тогтвортой байдлын тухай бүх шатанд ярьж, санал солилцож, санаа тавих нь зайлшгүй зүйл болсон байна.

AVSF байгууллага эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангаж ажилладаг вэ?

Манай байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй өөр нэг төсөл бол Орон нутгийн эдийг эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь төсөл.

Архангай, Хэнтий аймгийн зургаан суманд үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, нэмүү өртөг бүхий тогтвортой ноолуур, органик хүнсний ногооны тариалалтыг дэмжих чиглэлд ажилладаг. Төслийн суурь судалгааны үр дүнгээс харахад малчид болон ногоочдын дундын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд илүү идэвхтэй оролцдог, гишүүдийн 40 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэвч эдгээр малчид болон ногоочдын дундын бүлэг, хоршоо, нөхөрлөл нь тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна, иймд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түшиглэсэн орлогын механизмыг бий болгох шаардлагатай. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг дутмаг байсаар байна, үүнд үе шаттай мэдлэг, мэдээлэл олгож байх хэрэгтэй байна. Иймд бид туршлага мэдлэгийг ашиглан тогтвортой ноолуур, органик ногоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ үүнд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

AVSF байгууллагын цаашдын зорилго

Ковидын нөхцөл байдал бидэнд ямар ч сорилт тавьж мэднэ, дасан зохицоод л ажиллана. Цаашид бид өмнөх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон гарсан үр дүн, туршлагаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилго тавьж байна. Тэр дундаа тогтвортой ноолуурын Гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлд чармайн ажиллах болно.

П.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *