Categories
мэдээ спорт

Арслан цолны хүндэтгэлд арслан цолтон түрүүллээ

Монгол улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 25 дахь удаагаа амжилттай болон өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй 224 хүчтэн зодоглосноос залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

Энэ өдрийн барилдаанд Даваабаатар харцага тун онцгой байлаа. Уран барилдаант харцагынхаа иртэй, уртай ийм барилдааныг ойрд хараагүй үзэгчид сэтгэл их өндөр байв. Их шөвөгт арслан Батсуурь харцага Даваабаатарыг амалсан агаад барилдаан огт удсангүй. Батсуурийг тахимдах хоромд Даваабаатар дагуулж дунгуйлдаад тун чиг уран давсан билээ. Харин Бүрэнтөгс арслан Пүрэвсайханы хөлийг авч түрээд давсан. Үнэнийг хэлэхэд Пүрэвсайхан нэг их тэмцэж, тулж барилдсангүй юу даа… гэж бодогдов.

Өмнөх даваанд нь арслан Азжаргал харцага Даваабаатарыг амалж аваад хөлдөө алдан унасан бол Бүрэнтөгс арслан Цэрэнтогтох начинг давхар шуудагнаас түрж хөөн өвдөглүүлж, харцага Пүрэвсайхан харцага Бат-Оршихыг татаж хавираад бас л ганган давна лээ.

Том цолтнуудаас гарьд И.Доржсамбуу хоёрын даваанд өвдөг шороодсон бол харцага Э.Оюунболд гурав дээр аймгийн хурц арслан Д.Цэвэсодномийг амалж барилдаад унасан нь өнөөдрийн таавар эвдсэн, шуугиантай барилдааны нэг болсон юм.

Төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн алдарт арслангууд олноор ирсэн энэхүү хүндэтгэлийн хойморт улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг нарын зочид тухлан сууж хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхов. Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Үндэсний манлай үйлдвэрлэгч Арвайн үндэс компаний хамт олон хүрэлцэн ирсэн бүх арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *