Өчигдөр орой 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт орших “Ногоон төгөл” хорооллын нэгэн подвольд таван хүн хордож нас барсан хэрэг гарсан. Болсон явдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албаныхан өчигдөр 23.00 цагийн үед мэдээлэл хийсэн. Нэгдүгээр орцны хонгилын өрөөнд тэд хамт архи уусан гэсэн таамаг хэргийн газрын эхний үзлэгийн явцаас гарчээ. Урьдчилсан байдлаар тэднийг архинд хордож нас барсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд буй. Одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн хэллээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус байрны сантехникийн ажилтан болон орцны үйлчлэгч хийдэг хүмүүс хамт архи уусан байх магадлалтай аж. Нас барсан таван иргэн бүгд насанд хүрсэн хүмүүс бөгөөд дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй байжээ. Хэргийн газрын үзлэгийн явцад “Найрсаг” гэж нэртэй архинд хордсон байж магадгүй гэх таамаг гаргасан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийт 247 улсын байцаагч ажиллаж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг нийт 761 газрыг хамруулан хяналт, шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн, лацдаж, 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж байна.