Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архинд гарсан ээжий минь та…?!?

Монголчууд бид “Аргалд явсан ээжий минь та, арай дэндүү удлаа шүү дээ…” гэх үгтэй “Аргалд явсан ээж” дууг мэднэ. Энэ бол дуу. Харин амьдрал дээр ээжүүд архинд явдаг болжээ гэдгийг сая хэдхэн хоногийн өмнө болсон Мартын 8-ны баяр харууллаа. Юу гэнэ вэ, зөвхөн Мартын наймны өдөр архидан согтуурснаас гэртээ хэрүүл маргаан үүсгэсэн, агсам тавьсан гэх утгатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ нь жирийн өдрүүдтэй харьцуулбал огцом өссөн тоо. Энэ ч гайгүй. Мартын наймны шөнө Эрүүлжүүлэх байруудад нийтдээ 178 эмэгтэй хоносон гээд бод доо. Согтуу галзуу, гэр орноо олохгүй болтлоо согтуурсан тэднийг хонуулдаг газар байсан нь аз юм. Хэрвээ тийм бишсэн бол хичнээн эмэгтэй амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох байсан юм билээ. Уг нь гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж тайван жагсаал хийдэг уламжлалтай. Гэтэл манайд энэ өдрийг огт өөрөөр, баярын өдөр хэмээн ойлгож архиддаг. Баяраар заавал архиддаг гэдэг нь ч бас хаанаас гарсан “заншил” юм бол доо. Архидалт нь нэг өдөр ч биш олон өдөр дамнана. Энэ их хавтгайрал нь нийгэм даяарх үзэгдэл болж “Эмэгтэйчүүд 7-нд албан газар дээрээ, 8-нд гэртээ, 9-нд нууц амрагтайгаа “Март”-лж дуусгалаа даа” гэж том багагүй шүүмжилж байна. Мартын наймны баяр замбараагүй баяр болж хувирч байгаа нь нүднээ ил.

Социализмын үед нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан баяруудаас хоёрхон л баяр үлдчихээд байна. Тэр нь ёолк, нөгөөх нь Мартын 8. Ёолкоор хамт олноороо нийлж наргиж цэнгэнэ, Мартаар ч гэсэн хамт олон, байгууллага, компаниараа нийлцгээчихдэг. Эдгээр баяр нийгэмд, гэр бүлийн уур амьсгалд маш ноцтой муу нөлөө үзүүлж гэр бүлийн нандин харилцаа, ариун холбоог сэвтүүлж хэлж баршгүй хор уршиг тарьж байна.

Мартын найман социалист нийгэмд байсан завхайрлыг капиталист нийгэмд чирж оруулж ирсэн баяр болчихлоо. Өмнөх нийгмийн үед иргэдийг, нийгмийн бүхий л анги, давхаргыг зохион байгуулалттайгаар завхайруулдаг байсан юм. Иргэд ярихдаа социалист нийгэм асар их журамтай байсан гэлцдэг ч үнэндээ завхайрлыг хамгийн ихээр өөгшүүлдэг байсан. Тэр нийгэмд залуу халуун насаа өнгөрөөсөн хүмүүсийн яриагаар бол зохион байгуулалттайгаар, сэмхэн, нийтээрээ завхайрахыг дэмждэг байсан нь харагддаг. Амралтанд явах, албан байгууллага, хамт олны нийллэг зохиох зэргээр завхайрлыг сэмхнээр дэлгэрүүлсээр ирсэн. Социалист нийгэмд хамт олон бол үргэлжид гэр бүлийн дээр тавигддаг байлаа. Угаас тэгж номлодог ч байсан. Байгалийн жамаар бол гэр бүл бүхнээс дээгүүрт, нэгдүгээрт тавигддаг байх ёстой. Гэр бүлээ үл ойшоож хамт олноо тэргүүнд тавьснаар тухайн хүний амьдралын утга тэр чигээрээ алдагддаг. Мэдээж шүү дээ, нэгдүгээрт тавигдах гэр бүлээ хоёрдугаарт эрэмбэлчихээр завхайрал дэгдэж, гэр бүлийн нандин харилцаа, халуун дулаан уур амьсгал эвдэгддэг. Гэвч үүнийг өмнөх нийгмийн үед өчүүхэн ч анзааралгүй хамт олон гэдэг бүлгийг чухалчилж тэднээс зайгаа барьсан нэгнээ “Хамт олонтойгоо нийлдэггүй, хамт олноосоо хойшоо суудаг, хувиа бодож довоо шарлуулсан амьтан, гэртээ л хэвтэж байдаг этгээд, хамт олны ажлыг хойшоо татдаг зантан” гэхчлэн газар дотор ортол нь загнаж чичилнэ. Тэр үед ингэж чичлүүлэх шиг том шийтгэл үгүй. Хэдий социализмын үед нийгмээрээ, бүгдээрээ гэр бүлийн нандин харилцаа чухал, гэр бүлээс гадуурх харилцаа хэрхэвч байж болохгүй, гэр бүлийн байдал тогтвортой байх ёстой, завхай, зайдан явдал бяданд огтоос таарахгүй гэх мэтээр номлодог байлаа. Ингэж “донгодчих”-оод гэр бүлийн өмнө хамт олноо нэгдүгээрт тавьчихаар хүний хамгийн нандин, зүрх сэтгэл, гэр бүл уланд гишгэгдчихдэг. Мартын 8-ны баяр яг энэ үзлийг тээсэн баяр болчихоод байна. УИХ, Засгийн газраас энэ баярыг дэмжиж, яам, тамга, албан газар болон хүүхнүүдээ хүлээж авч баярлуулж байгаа нь энэ гээд хоол, архиар шахдаг. Энэ жилийн Мартын 8-ны гурван хоног тэр чигээрээ архидалт байлаа. 8-ны орой дэлгүүрүүдийн архины тасаг, лангуунд дарс, лёкор зэрэг чихэр амттай, зөөлөн сархадууд дуусчихсан, цагаан архинууд ч тэр багасчихсан харагдсан. Тийм болохоор 200 эмэгтэй эрүүлжүүлэхэд хонохоос ч яах вэ дээ. Гэтэл Цагаан сарын баяраар эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай нэг ч хүн эрүүлжүүлэхэд ордоггүй. Гэр бүлийн баяр, гэр бүлээрээ тэмдэглэдэг баяр гэдэг ийм л байдаг.

Энэ орчлонгийн хамгийн сайхан, эмзэг турьхан, элбэрэлт, ачлалтай эмэгтэйчүүдийн баяр хэмээн ихэд сайхнаар “цоллодог” ч ингэж эх захаа алдан байж тэмдэглэнэ гэвэл болих хэрэгтэй. Нөгөө ялгуун сайхан, эрхэмсэг чанар нь алдагдаж баяр биш зүхэл, гомдол, шарталт, бүр хагацал ч дагуулж мэдэхээр баяр болчихлоо. Энэ баярыг урлагийн хүмүүс, пүүс компаниуд овжиноор ашиглаж элдэв янзын зар сурталчилгаа хийдгийг нь хориглох хэрэгтэй. “Би ээжтэйгээ байгаа, сайхан байна. Харин чи ээжийгээ үхүүлчихсэн. Хохь чинь” гэсэн ийм утгатай харгис сурталчилгаануудыг үүнээс хойш зогсоомоор байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь ээжгүй байдаг. Тийм байсаар атал “Миний ээж хөөрхөн. Би сайхан ээжтэй” гэж бүхий л сувгаар сурталчилаад хашгирахад ээжээ алдчихсан, хорвоогийн жамаар хагацал амссан сэтгэлийн шархтай хүмүүсийн өр нь өмөрч, харууслын гашуун нулимсаа залгилж суудаг шүү дээ.

Энэ мэтээр Мартын 8-ныг хүний ёсноос гадуур, хэрцгий байдлаар тэмдэглэхийнхээ оронд албан ёсоор нь зөв зүйтэй тэмдэглэн өнгөрүүлэх нь бүх зүйлд нийцнэ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж хурал цуглаан зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж төр засагтаа ханддаг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр архи уудаг нь арай хоцрогдсон, дундад зууны явдал биш үү. Харин Мартын 8-ны баяраар тэмцэл хийх гэж үзээд байгаа иргэний хөдөлгөөний хэдэн нөхөд нийгэмд дуугаа цуурайтуулж, үзэл бодлоо хүргэе гэж байгаа бол жагсаал цуглаан хийдэг ном ёсыг нь дагаач. Шалдан хүн заавал зогсоох, олуулаа лоозон барьж жагсах хоёрын хооронд асар их ялгаа бий. Хүнд хүрэхийн хувьд олуулаа лоозон барьж нэгдэх нь илүү үр дүнтэй. Талбай дээр хүн шалдаллаа гээд яах юм. Өсвөр насны хэдэн банди нарт л сонин харагдах биз. Өөр хүмүүс бол тоох ч үгүй. “Ингэж гажигтдаг нь яаж байгаа юм бол” гээд л өнгөрнө. Иргэний хөдөлгөөний тэмцэл гэдэг лоозон барихаас гадна үзэл санаагаа хурц, тодоор илэрхийлсэн нийтлэл бичих, хурал цуглаан дээр илтгэлээ хэлэлцүүлж, үзэл санаагаа илэрхийлсэн зурагт хуудас тарааж, тэрийгээ энд тэнд нааж, нэвтрүүлэг бэлтгэж, сонин хэвлэлээр үгээ дайдаг сонгодог хувилбарууд бий. Иргэний хөдөлгөөнүүд ингэж л ухаалгаар өөрсдийгөө илэрхийлж тэр хэрээр олон нийтээс дэмжлэг авдаг. Түүнээс биш хэзээ шалдан хүн гаргаж тавьж байлаа. Тэмцэх гэж байгаа болохоор ухаалгаар, ном журмаар нь хийгтүн.

Мартын найман гэдэг ганц өдөр ч гэлээ олон хоногийн өмнөөс уур амьсгал орж дараа нь баахан сунжирдаг. Тэр хэрээр энэ баярыг дагасан тэнэг үйлдэл, хүний ёсноос гадуурх явдал, архидалт хязгаараа барж, цаашид яаж ч магадгүй болох нь дээ. “Аргалд явсан ээжий минь” гэж дуулдгаа болиод “Архинд гарсан ээжий минь” гэж халаглах цаг дор бид амьдарч байна.

Ээжүүд архинд гардаг болсон байна, архидах гэж “Мартын 8” гэдэг тусгай, “бүрэн эрхтэй” баяртай болсон байна. Үүнийг нь төр засгаас албаны ёсных болгож “Та нар бүтэн нэг өдөр амрангаа архидаад ав” гэдэг ч болсон байна. Архинд гарсан ээжий гэртээ ирэлгүй, эрүүлжүүлэх байранд хоноод маргааш нь Монголын үзэсгэлэнт саран гоо биш, муухай үнэр сэнгэнүүлж бүрзийсэн амьтад л гэрийнхээ босгыг алхаж ордог болж. Бодит байдал энэ болчихоод байна. Бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийхгүй бол Мартын наймны баяр хэрээс хэтэрлээ, та минь ээ. Дэндүү байгаа биз дээ. Монгол Улс цөөн хүн амтайг ч хэлэх үү, амархан савладаг, дорой сэтгэлзүйтэй нийгэмтэйг ч хэлэх үү. Энэ баяр баяр биш ээ. Там болжээ.

Монголчууд аливаа баярыг гэр бүлийн баяр гэж ойлгож хэвшвэл зүйд нийцнэ. Харин хамт олноороо тэмдэглэдэг баяр гэдэгт мэргэжлийн баярыг хамааруулж болно. Уурхайчдын баяр, цагдаагийн баяр, сувилагчдын өдөр, нягтлан бодогчдын баяр, багш нарын баяр гээд орон даяар, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг мэргэжилд зориулсан өдрүүд бий. Энэ баяруудыг гэр бүлдээ тэмдэглээд байх шаардлагагүй. Албан байгууллага тус бүр дээрээ, мэргэжлийн явцуу хүрээндээ тэмдэглээд өнгөрүүлчих. Илүү халиад байх шаардлагагүй. Мэргэжлийн баяруудыг л хамт олны баяр гэж үзээд бусад баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэх баяр гэж үзэх нь маш зүйтэй. Мартын найман, шинэ жил гээд томоохон баяруудыг хамт олноороо, нийтээрээ тэмдэглээд байхаар хувь хүний ёс зүй алдагдаж сүрэгтээ нийлсэн амьтан шиг араншин гаргаж гэр орон, үр хүүхэд, хань ижлээ мартаад хөөрөлд ороод байдаг. Энэ бүхний цаана, утга учраа алдсан бэлгэ дэмбэрэлгүй олон баярын хөлд гэр бүл гэдэг үнэт зүйл гишгэгдэж эхэллээ. Худлаа гэвэл хар л даа. Саяны Мартаар хичнээн ээж архинд гараад хэд нь эрүүлжүүлэх байранд бүтээлэг нөмөрч хоносныг нийтлэлийн эхэнд тоо баримттай нь дурдсан шүү дээ. Архинд гарсан ээжий минь та…арай дэндүү юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *