Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализийн эмчилгээний хоёр аппарат суурилуулж, эмчилгээ хийж эхэллээ. Гемодиализийн эмчилгээ хийх 2 эмч, 2 сувилагчийг сургалтад хамруулж бэлтгэжээ. Аймгийн хэмжээнд 14 иргэн бөөрний архаг дутагдалтай бөгөөд гемодиализийн аппаратны эмчилгээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт байнга эмчилгээ хийлгэдэг байна.
Дашрамд дуулгахад 2016 оны сүүлийн хагас жилийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдад түргэн тусламжийн 10 гаруй автомашиныг олгож, нэгдсэн эмнэлэгт 132,0 сая төгрөгийн өртөг бүхий дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Мөн Бүгд Найрамдах Франц улсын “ACTIONS MONGOLIE” төрийн бус байгууллагын санаачилга, хандиваар 15457.35 еврогийн үнэтэй “Olympus” фирмийн 2017 оны шинэ дурангийн хагалгааны иж бүрдлийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулан эмэгтэйчүүд, хүүхдэд дурангийн хагалгаа хийж эхлээд байна.