Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай нутгаас 93 жилийн дараа Даншгийн арслан цолтон төрлөө

Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосон. Даншиг наадмын бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярын бөхийн барилдаанаас өөр зохион байгуулалтаар явагдсанаараа онцлог байлаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүд цолныхоо эрэмбээр оноолтоо авч барилддаг бол Даншиг наадмаар цолны эрэмбэгүй, сугалаагаар оноолт таарч хүч үзсэн. Уг барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд ямар ч цолгүйгээр сугалаа татан барилдсан. Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгсөөр тав давж даншигийн начин, Булган аймгийн Могод сумын харьяат уран барилдаант Эрдэнэбилэгийн Энхбат Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбатыг шодооны барьцнаас давснаар даншигийн начин цолны болзол хангасан. Энэ жил шинээр улсын начин болсон Сүхбаатар аймгийн Мөнххөөн сумын харьяат Болдбаатарын Батжаргал Хөвсгөлийн Хөхчирэнгэрээр мөн л тав даван туг тойрлоо. Хөвсгөлийн Тосонцэнгэлийн Цэдэвийн Содномдорж бэлтгэл сайтай байгаагаа харуулж Сэлэнгийн Орхонтуулийн Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйг орхисон бол Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Д.Амарсайханд тахим буулгасан юм. Ховдын Чандманийн Б.Пүрэвсайхан даншиг наадамд Баянзүрх дүүргийн бөх хэмээн зарлуулан барилдсан бөгөөд Булганы Б.Хашбатыг түвэггүй орхин илүүрхсэн. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва Булганы Бүрэгхангайн М.Өсөхбаярыг давснаар анхны даншгийн начин цолтнууд болсон.

Харин зургаагийн даваанд Б.Пүрэвсайхан Ц.Содномдоржид, Б.Гончигдамбын хувьд Д.Амарсайханыг гуд татан шилдэж дараад түвэггүй давснаар даншигийн өсөх идэр начин болсон бол Р.Пүрэвдагва Бо.Батжаргалаар, Э.Энхбат О.Хангайг орхисноор улсын өсөх начин цолтойгоо дүйхүүц даншигийн өсөх идэр начин болсон юм. Харин шөвгийн дөрөвт Б.Гончигдамба Булганы Э.Энхбаттай барилдан давхар шуудагнаас гараа холбон өргөж давсан бол, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлийн Ц.Содномдорж Архангайн Р.Пүрэвдагвад өвдөг шороодлоо. Даншигийн заан цолны болзол хангасан Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва нар үзүүр түрүүнд үлдсэн юм. Архангайн Булганы Р.Пүрэвдагва Гончигдамбаас барьц дутуу байсан ч барьцаар ааглан шахахад нь тонгорч давснаар хорин нэгдүгээр зууны анхны даншиг наадамд найм даван түрүүллээ. Түүнээс өмнө 1922 оны даншиг наадамд Луу гүний Вандан аварга даншиг наадамд түрүүлж байсан түүхтэй билээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *