Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барина

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилга, хот байгуулалтын яам аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, гүйцэтгэж эхлээд байна. Тухайлбал Азийн хөгжлийн банкны 21.17 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр есөн аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих бөгөөд үүний 8 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргаж байна.

Энэхүү төсөл нь нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх зорилготой.

Монгол Улсын үндэсний инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох юм.

Энэ төслөөр Арвайхээр, Даланзадгад хотын төвд цэвэрлэх байгууламжийн ажил Сайншанд, Цэцэрлэг хотуудад хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд барихаар ажиллаж байна” хэмээн хэлжээ.

Архангай аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн ажлын өртөг нь 8.2 тэрбум төгрөг бөгөөд “ЧММ” ХХК, “Энта инженеринг цэвэрлэх байгууламж угсралт” компанийн түншлэл ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *