Арилжааны 13 банк иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Шийдвэрийн дагуу бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд иргэдэд олгож буй зээлийн шимтгэлээ багагүй хэмжээгээр бууруулах юм. Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ арилжааны банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа тул тус шүүхээс эцсийн шийдвэр гарахыг хүлээх үлдээд буй. Энэхүү асуудлаас гадна иргэдээс ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас хугацаат шалгалтыг банкуудад оруулсан байна. Тодруулбал, Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байдаг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол үйлчлүүлэгч иргэдийг “шулж” байгаа гэж үздэг байна. ШӨХТГ-аас явуулсан шалгалтаар манай улсын зарим арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгаа нь тогтоогджээ. Иймээс шалгалт явуулж банкууд зах зээлд эрүүл өрсөлдөж байгаа эсэх, иргэдийг хохироож байгаа эсэхийг тогтоохоор болсон байна.