Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аргалын уулын Алтан чой овогт Думаагийн Содном

Эдүгээгээс нэгэн зуун арван жилийн өмнө Олноо өргөгдсөн Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсныхаа дараа нэгэн түүхэн зарлиг буулгасан нь таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр байв аа. Туурга тусгаар улс болсноо бататгасан Засгийн газрын анхны бүрэлдэхүүнд багтсан яамдын нэг бол Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам буюу өнөөдрийн Сангийн яам байлаа.

Бүтэн зууныг хавь илүү элээж, Монгол хэмээх тусгаар улсын төсөв санхүүг нийгэм, эдийн засгийн даваа нугачаатай олон тогтолцоон дундуур чиг шугам татаж, өндөр хариуцлагыг өөртөө үүрч ирсэн ууган энэ яамны түүхт 110 жилийн ой энэ өдрүүдэд болж байна.

Чингисийн алтан ургийн удамт, угсаа залгамжилсан хошуу ноён Гадинбалын Чагдаржав анхны сайдаар томилогдон ажиллаж байсан он жилүүдээс хойш улс Монголын хамаг л эрдэм мэдлэгтэй кадрууд энэ яамыг толгойлж ирсэн бахдам амжилт, шинэчлэлт, өөрчлөлтийн үр шимийг өнөөдрийн монголчууд хүртэн суугаа билээ.

Дайны хөлд сүйрсэн улс орныхоо эдийн засгийг сэргээж, Монголын үндэсний анхны мөнгөн тэмдэгт Бага болзоот 10, 25, 50, 100-ын дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлсэн Гомбожавын Лувсанцэвээн, гадны улсаас зээл тусламж авах, дотооддоо банк байгуулахад шамдан ажилласан Солийн Данзан, Монголд хамгийн анхны санхүүч-эдийн засагч мэргэжилтэй, хамгийн залуу буюу 23 настайдаа тус яамыг толгойлж, Халх голын дайны хөлд нэрвэгдсэн эдийн засгаа богино хугацаанд сэргээж чадсан Юмжаагийн Цэдэнбал, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дэмчигийн Моломжамц, энх цагийн бүтээн байгуулалтын үеийн улсын төсөв санхүүг шинэ шатанд гаргаж, төсвийн орлоготой холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн Бамдарийн Дүгэрсүрэн гээд түүхэн цаг үеийнхээ онцлогт эх орноо хөтөлж, хөгжүүлэхэд тэргүүн фронтод зүтгэж байсан эрхмүүдийг дурьдаад баршгүй.

Тэр дундаас улс эх орныхоо бүтээн байгуулалтын түүхэн он жилүүдэд ажил амьдралаа зориулсан Монгол Улсын 16 дахь Сангийн сайд Алтан чой овогт Думаагийн Содном баавайг толилуулсу.

Тэртээ наян есөн жилийн өмнө буюу арванзургадугаар жарны усан тахиа жил Илийн бууц хэмээх Монголын алтан говь Дорноговь аймгийн Баян-мугийн шүтээн хайрхан Аргал уулын хойд зүгээс орж ирдэг жижиг толгодын энгэрт Д.Содном гуай эхээс мэндэлсэн түүхтэй. Түүний аав Аргалын уулын алтан Чой хэмээн нутаг хошуундаа цовоо сэргэлэн зантайгаараа алдаршиж, харийн оронд тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаад эрэлхэг зоригтойгоор амиа алдсан гашуун хийгээд бахархам түүхийн эзэн Чойжамц гэх хүмүүн. Эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж яваад халуун амиа алдсан аавынхаа сургийг олоон жилийн турш эрэл хайгуул хийгээд дорвитой мэдээлэл олж чадаагүйдээ Д.Содном баавай ихэд харамсан дурссан нь бий. Харин ээж Думаа нь Баян-му буюу одоогийн Өргөн сумын уугуул Цоовгой хэмээх цэргийн хүний үр удам гэдэг.

ЗХУ фашист Герман улсын хооронд дайн дэгдсэн хэцүү цаг үе буюу 1942 ондД.Содном гуай есөн нас хүрэхэд дүү Цагааных нь хамтаар ижий нь Баянмөнх сумын төвдөө суурьшиж, номын дуу сонсгож эхэлсэн гэнэ лээ. Сурагч ахуйдаа лимбэ шаггүй тоглочихдог, дуу дуулчихдаг гээд урлагийн дөртэй байсан учир том ах Жамсран нь сургууль төгсөхийн алдад урлагийн сургуульд элсүүлэхээр Улаанбаатарыг зорьжээ. Тэр бол 1946 он байж. Азаар ч юм шиг, харамсалтай ч гэх үү тэр үед нийслэл хүрээг нэгжээд, нэгжээд хөдөөний ахан дүүс урлагийн сургууль олж чадаагүй тул нагац ах Ж.Маамын зөвлөснөөр Санхүү эдийн засгийн техниккумд орохоор сэтгэл шулуудсан юмсанж. Ингэж л өнөөдрийн өндөрлөг дэх Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, нэрт эдийн засагч Думаагийн Содном Монгол Улсынхаа хөгжлийн түүхтэй хувь заяагаа холбох урт холын зам эхэлжээ.

Д.Содном гуайн дуртатгалаас нэгэн зүйл анхаарал татна. Тэр бол Санхүү эдийн засгийн техниккумд суралцаж төгссөн залууст зориулсан хүлээн авалтын үеэр болсон бэсрэг уулзалт. Хүлээн авалтан дээр Сангийн яамны сайд Дэмчигийн Моломжамц, яамны боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Дангаа нар хүрэлцэн ирж гэнэ. Тэгж ирээд Дангаа гуай шинэ төгсөгч Д.Содномыг дуудаж “Энэ хүүхэд зураг зурдаг юм. Яаманд авч ажиллуулна. Ханын сонин гаргаж байг” гэж Дэмчигийн Моломжамц сайдад эрсхэн танилцуулж байсан гэдэг. Шинэ залуу санхүүчийг ханын сонин гаргуулахаар Сангийн яаманд томилно гэж юу байхав, түүний мэдлэг чадварыг хуучны кадрууд онож харсан учраас тийнхүү татсан хэрэг биз гэх бодрол эдүгээ төрөх аж.

Ирээдүйн Сангийн сайдын ажил хөдөлмөрийн гараа тухайн яамныхаа Хянан байцаах газарт байцаагчийн албан тушаалаар эхэлж, 1958-1963 он хүртэл Валютын хэлстийн даргаар ажилласан байдаг. Тэгж байтал 1963 оны хавар дөрөвдүгээр сарын нэгэн өдөр Сангийн сайд Дүгэрсүрэн гуай дуудаж “Цуг юманд явъя” гэж гэнэ. Явсан зүг нь Засгийн газрын ордон байж таарчээ. Сайд явж байх зуураа “За одоо чи бид хоёр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралд орох байх. Намайг Сайд нарын зөвлөлд ажиллуулна гэсэн. Миний оронд Сангийн яамны сайдаар чамайг томилохоор яригдсан” гэх нь тэр. 30 нас дөнгөж шүргэж байгаа залууд энэ бол хатуудсан мэдээ. Гэвч хэдхэн хормын дараа МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралд орж, Б.Дүгэрсүрэн гуайг Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар томилоодохжээ. Үргэлжлүүлэн Сангийн сайдаар Валютын хэлтсийн даргын албатай Д.Содномыг танилцуулахад Ю.Цэдэнбал дарга шууд л “Энэ нөхрийг чинь би таних юм байна. Асуух, санал хэлэх хүн байна уу” гээд л шууруулсан гэнэ лээ. Асуух, санал хэлэх хүн гараагүй учир Д.Содном гуайг “Чи ярих юм байна уу” гэсэн Ю.Цэдэнбал даргын дараагийн асуулт тулж иржээ. Хариуд нь “Би сайдын ажлыг хийж чадахгүй болов уу гэж айж байна” гэж бэргэсэн хоолойгоор хэлэхэд “Төрийн сайдын ажлыг хийж чадахгүй болов уу гэж чи ний болгоомжилж байгааг ойлгож байна. Чи чадах ёстой, бид тусална. За батлах уу” гэж хэлээд л асуудлыг тас шийдсэн юм билээ.

Энэ бол хүнээ таньдаг Төрийн тэргүүний шулуухан, шуурхай шийдвэр байсныг хожмын он жилүүд дэх ажил хөдөлмөр, шинэчлэл өөрчлөлт бэлэхнээ харуулсан юм. Энэ л үед улс орны төсөв санхүүгийн гол гогцоог зангидаж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлэх, төгөлдөржүүлэх боломж Д.Содном гуайд олдсон хэрэг биз ээ. Энэ тухай тэрээр дурсан бичихдээ “Би тэр ажлыг хийж чадах, сайн ажиллахын тулд чадах бүхнээ дайчилсан шүү. Хамгийн гол нь яаманд ажиллаж байсан бүх нөхөд санаа нийлж, сайн ажиллаж, өмөг түшиг болж байсны ачаар яамны маань ажил муу үнэлэлт авч байгаагүй. Хамт ажиллах хүмүүсийн сэтгэл нэг, буруу атаархалгүй байх нөхцөл бүрдүүлж байх нь их чухал гэдгийг олон жил ажиллах явцад сайн ойлгож авсан” гэсэн нь бий.

Гучхан насандаа улсыг хариуцсан сайдын алба хашаад түүний томилолт дууссангүй. Харин эхэлж байв. Улсын эдийн засаг, нийгмийн бодлогыг боловсруулж төлөвлөдөг, хэрэгжилтийг судалж дүгнэлт гаргадаг, салбаруудын ажлын уялдаа тэнцвэрийг хангах асуудлыг төвлөрүүлж шийддэг төв байгууллага нь Улсын төлөвлөгөөний комисс байлаа. Энэ том байгууллагыг удирдах үүргийг мөн л Ю.Цэдэнбал дарга Д.Содном гуайд үүрэг болгож, 1969 оны 12 дугаар сард өгсөн юм гэдэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ялангуяа гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх арга хэмжээний ТЭЗҮ боловсруулдаг болох онц шаардлагатайг анхааруулж даалгаж байжээ. Энэхүү томилгоо Д.Содном гуайд идэр залуу насны ааг омог, чадвар чансаа, Монгол Улсынхаа хөгжлийг урагшлуулах том зорилгын үүд хаалга нээгдсэн гэдгийг харж болно. Ялангуяа улс орны хэмжээнд тавигдаж байгаа асуудал үргэлж тооцоо судалгаатай, бүр цаашлаад өнөөгийн бидний хэлж заншсан ТЭЗҮ байх ёстойг санаачлан амьдралд хэрэгжүүлж, олон олон эерэг үр дагаврыг бий болгосон гэдэг.

Учир нь энэ үеэс Монгол орны ид бүтээн байгуулалтын он жилүүд эхэлж, Улаанбаатар, Дархан, Чойбалсан зэрэг хотуудад аж үйлдвэржилт хөгжиж, барилга байшин, төмөр зам, гэрэл цахилгаан гээд орчин цагийн улс орны хөгжил хурдтай эхэлж, зах зээлийн эдийн засаг ч зэрэгцэн хөгжиж эхэлсэн түүхтэй. Төлөвлөгөө санхүү эдийн засгийн төв орон нутгийн байгууллагуудад тэр үед ажиллаж байсан хүмүүс шударга хөдөлмөрч сэхээтнүүдийн тэргүүлэх эгнээнд багтаж байсан бөгөөд Монголын хөгжлийн хэтийн бодлого, түүгээр тодорхойлсон төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, эдийн засгийн гадаад харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарч байсан нь 70, 80-аад оны богино хугацаанд манай улсын эдийн засгийг өөд татах, нийгмийн хөгжлийг хурдасгахад ач тусаа өгсөн гэж тэрээр дүгнэн бичдэг. Чухамхүү энэ нүсэр том бодлого, ажлын ард Д.Содном гуайн баг уралдан ажиллаж байсныг түүний журмын нөхөд цохон тэмдэглэдэг билээ. Одоо ч Монгол орноо хөгжиж бүтээж үйлдвэрлэж олборлож байгаа том төслүүдийн ард нэрт эдийн засагчийн тооцоо судалгаа орж явдаг нь андашгүй.

Монголын хөгжилд шаардлагатай, үр ашигтай болохыг үндэслэл тооцоогоор батлаад социалист улсуудын эдийн засаг нийгмийн бодлогыг зөвшин зохицуулах ажлын хүрээнд идэвхтэй ажиллаж байсны үр дүнд ЗХУ болон бусад социалист улсуудтай манай улсын эдийн засгийн харилцаа өргөжиж, тэдгээр улсуудаас манайд үзүүлэх тусламж, хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх зээл эрс нэмэгдсэнийг архивын баримт бичиг бэлэхнээ харуулна. Тухайлбал, зөвхөн ЗХУ-аас Монголын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд 1971-1975 онд 450 орчим сая шилжих рублийн зээл тусламж өгч байсан бол үндэслэл тооцоолол сайжирсны ачаар 1976-1980 онд 1.4 тэрбум, 1981-1985 онд 3.2 тэрбум, 1986-1990 онд 3.5 тэрбум шилжих рублийн тусламж авч байсан тоон баримт бий.

Үйлдвэрлэлийн үндсэн салбарууд ч энэ хугацаанд амжилттай хөгжсөн түүхтэй. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлт гэхэд 1970-1990 оны хооронд 7.2-8.7 хувьд хүргэсэн бахдам амжилтын эзэд юм. Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын хүнд үед монголчуудын амин чухал хэрэгцээг жил тойрон хангаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн эх суурь тавигдах нөхцөл 1960-аад оны сүүлчээр бүрдэж байлаа. Сүүлийн 30 гаруй жил Монгол Улсын эдийн засгийг тэтгэж байгаа энэ үйлдвэрийг барих, ашиглалтад оруулах явдал монголчуудын хувьд том эр зориг байсан юм. Эрдэнэтийн овоо гэж Булган аймгийн ард иргэд нэрлэж заншсан зэсийн орд газарт манай геологчид тэр үеийн Чехословак улсын геологчидтой хамтарч хайгуулын ажил хийх их хэмжээний нөөцтэй орд гэдгийг 1960-аад оны сүүлчээр тогтоосон байдаг. Д.Содном гуай Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч даргаар томилогдсон 1969 онд ЗХУ болон социалист бусад улсуудтай эдийн засгийн бодлого улс ард аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг зохицуулах ажил анхаарч байсан бөгөөд одоогийн хэллэгээр гадаад хөрөнгө оруулалтыг татах ажлын хүрээнд анхаарах том төслийн нэг нь Эрдэнэтийн овооны зэс молебдиний орд газрыг эзэмших асуудал байсан нь мэдээж.

Хамгийн анх уг ордыг эзэмшихэд хамтран ажиллах хөрөнгө оруулах саналыг ЗХУ-ын талд санал болгоход хайгуулын ажилд оролцсон Чехословак улс хөрөнгө оруулах эсэхийг мэдэх нь зүйтэй гэсэн санааг хэлсэн гэдэг. Харин Чехословак улс тухайн үед улс төрийн байдал сайнгүй байснаас үүдэж татгалзсан хариу өгсөн гэнэ лээ. Ингээд зогсоогүй, орд ашиглахад хөрөнгө оруулах саналаа ЗХУ-д тавих санаархал туйлын өндөр. Гэтэл ЗХУ-ын Төлөвлөгөө хоорондын орлогч дарга Мисник гэдэг хүнээр ахлуулсан төлөөлөгчид 1969 онд Улаанбаатар хотод ирж, хоёр улсын 1971-1975 оны таван жилийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол асуудлаар санал солилцох уулзалт товлогджээ. Эрдэнэтийн овоогоо ярих сайхан боломж. Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч Д.Содномын багийнхан уулзалтын үеэр саналаа шаргуу тавих болжээ. Хариуд нь Зөвлөлтийн нөхөд Эрдэнэтийн овоо Оросын Чита мужийн Удоканы зэсийн ордын алинд эхэлж хөрөнгө оруулах нь зөв болохыг судалж шийдэх шаардлагатай гэж юм ярьж, манайхан ч Эрдэнэтийн овооны давуу талуудыг цухалзуулсаар эцэст нь санал сонсоход хүрчээ. ЗХУ-ын Төлөвлөгөө хоорондын орлогч дарга Мисник “Эрдэнэтийг Зөвлөлтийн талаас сайн мэддэг хүний саналыг сонсох нь зүйтэй” гээд ЗХУ-ын Төлөвлөгөөний хорооны гоелогийн асуудал хариуцсан мэргэжилтэн Пётр Михайлович Постновыг Сочид амарч байхад нь яаралтайгаар дуудаж Улаанбаатарт ирүүлдэг юм байна. П.М.Постновыг онгоцны буудлаас шууд ирүүлж хуралд оруулаад саналыг асуухад тэрээр “Хэрэв би капиталист байсан бол цаг алдахгүйгээр Эрдэнэтийг эзэмшихэд хөрөнгө оруулна” гэсэн хэдхэн үг нь өнөөдрийн Монголын эдийн засгийн хөшүүрэг болсон том үйлдвэрийн суурийг тавих замыг шулуудуулжээ.

Цаашлаад эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэлүүд хийгдэж, шинэ мянганы эрүүл чийрэг, өндөр боловсролтой иргэд бий болох эх суурь энэ хүмүүний их удирдлагын үед тавигдсан билээ. Нэг ёсондоо социализмын үеийн Монгол улсын амжилт ололт Д.Содномын удирдлагын багтай холбоотой гэдгийг түүх гэрчилнэ. Үүнийг өнөө хэр журмын нөхөд нь онцлон хэлэх нь бахдалтай.

Д.Содном баавай албан тушаал шүтдэггүй хүн гэдгийг түүнийг томилсон хэд хэдэн томилгооноос харж болох. Анх Сангийн сайдаар томилоход Юмжаагийн Цэдэнбал даргын өөдөөс “Би хийж чадахгүй болов уу гэж айж байна” гээд хээв нэг хэлж зогссон, дараа нь мөн Улсын төлөвлөгөөний комиссын даргаар сонгоход ч Сангийн яамандаа дассанаа санагалзаж байсан зэргээс тодхон харж болох. Сүүлд 1990 оны ардчилсан хувьсгалаар тайван замаар Засгийн эрхийг шилжүүлж өгөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Гагцхүү эцэс сүүлд нь Юмжаагийн Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн хэрэг гэгчид татагдаж хууль хяналтын байгууллагад багагүй хугацаанд дуудагдсан явдалд өнөө хэр харамсал төрөх. Тэрхүү “хэрэг”-ийн эзэд ихэнх нь ухамсарт амьдралынхаа хугацаанд улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлгээр зүтгэсэн түүхэн он жилүүдийн өөрчлөлт, шинэчлэлтийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гагцхүү энэ гавьяа, үнэ цэнэ “тойрон хүрээлэгч” гэх улс төрийн хэргийг эцэслэж, цэг тавих цаг аль эрт болсныг батлах биз ээ.

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайдын хувьд тэрээр гадаад харилцаа тэр дундаа гуравдагч хөршийн бодлогод том эргэлт авчирсан түүхэн гавьяатай нэгэн. Монгол Япон хоёр улсын хооронд гэхэд 1972 онд дипломат харилцаа тогтоосон ч социалист болон капиталист нийгмээр зааглагдаж байсан хоёр улс хооронд харилцан итгэлцэл бүрдэж чадалгүй явж ирсэн гэдэг. Харин 1990 оны гуравдугаар сард Япон улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд хийсэн анхны айлчлал түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрхүү айлчлалаар л гэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас гадна Дархан хотод хар төмөрлөгийн үйлдвэр барихад Япон улсын Засгийн газар баталгааг гарган зээл олгох, Монголоос Японд бараа нийлүүлэхэд хөнгөлөлттэй нөхцөл бий болгох, эмнэлэг боловсролын салбарт тусламж үзүүлэх зэрэг үр дүн гарсан нь социалист орны хувьд гадаад харилцааны хувьсал гэж нэрлэж болно. Тэр л айлчлалын үр шимээр хойш хойшдын Төр засгийн тэргүүнүүд улс орныхоо асуудлыг ярилцдаг, тусламж дэмжлэг авдаг том гүүр бий болгосийм.

Эдүгээ Аргалын уулын Алтан чой овогт Думаагийн Содном 90 насны босгыг алхаж яваа ч улс орныхоо нийгэм, эдийн засгийн талаарх даацтай нийтлэл, өгүүлэл бичиж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар сууна. Азийн цээжинд багтах Монгол хэмээх тусгаар улсын хоёр мянганы түүхэнд нэрээ, дүрээ мөнхөлсөн эрхэм буурайн их ажил, амьдралын зурвас үеийг дурсахад ийм буюу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *