Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, туульч Т.Галсаны 90 насны ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1932 онд Цэцэрлэг мандлын аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ. 90 насны ойд зориулж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүндэтгэл үзүүлж, дурсгал гардуулсан байна. Т.Галсан МУИС-ийн хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.
Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрхи дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна. Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаачид ташаа бичсэн байдаг. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлснээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.
Т.Галсанг Баянхонгорт байх үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир намын эсрэг бүлгийн толгойлогч гэгдэн нутаг заагдан очжээ. Т.Галсан барилгачин болсон гүн ухааны доктор, академичтай уулзаж сэтгэлийн зовлонг нь хуваалцаж дотноссон нь хамсаатан хэмээн хардагдаж улмаар “Төрсөн хүүгийн чинь үг” зохиолоо шатаалгаж, “Талын анхил цэцэг” номыг нь хэвлэхийг хоригложээ.
Монгол кино үйлдвэрт 18 жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичиж, 50 гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монгол кино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино “мультфилем” бүтээл гаргасан байна.