Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ

Өнгөрсөн дөрвөн жил МАН сөрөг хүчин байлаа. Сөрөг хүчин ч гэж дээ сөрөг хүчнийхэн гэчихээд юу ч хийгээгүй. Улстөрчдийн ярьдаг заваан хэллэгээр бол Ардын намынхан “бөлдөгдүүлчихсэн” учир дуугарч чаддаггүй. Дуугаръя гэхээр эрх барьж байх үеийн хамаг юм нь сөхөгдөх гээд таг дуугүй дөрвөн жил болсон хэрэг. Сөрөг хүчний ажил гэж ганц хийсэн юм нь АН-аас Өвөрхангайд нэр дэвшиж гарч ирсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, хуралдаанд оруулахгүй гэж чуулганы танхимын үүдэнд диван аваачиж тавьж, дээр нь хэвтчихээд байсныг нь санах юм. За тэгээд давхар, дан дээл гэж нэг сүрхий улстөржих аядсан. УИХ-ын дарга байсан гурав, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр чуулган хуралдуулахгүй гээд диван дээр хөндлөн хэвтчихээр яасан ч эвгүй харагддаг юм. Тэгж хэвтлээ гээд үр дүнд ч хүрээгүй. Хэн нэгэн пиарчны тархинд орж ирсэн санааг л уухайн тас шүүрч аваад хэрэгжүүлсэн юм шиг байна лээ. Магадгүй Н.Энхбаярыг баривчлах үед хэдэн улстөрчийг дивантай нь хөмөрснөөс өнөөх пиарчин нь санаа авсан байж болох л талтай.

МАН-ынхны дивандалт нэгэнт үр дүнд хүрээгүй болохоор өөрсдөө ч баахан ичих шиг болно лээ. Эцсийн дүнд нь Диванддаг хэд, Диванддаг нам гэдэг хоч зүүгээд онигооны баатар болоод хэрэг явдал дууссан. Тэрнээс хойш хурал хаясныг эс тооцвол сөрөг хүчин шиг хэрэгтэй зүйл дээр шүүмжлэлтэй хандаж, улс оронд хэрэгтэй зүйл хийж байсныг нь санахгүй байна. Да хүрээ захыг хотын төвөөс холдуулах шийдвэр нийслэл гаргаж, нүүлгэх болтол Ардын намын удирдах бүрэлдэхүүн нь өнөөх зах руу бүгдээрээ оччихсон дивандаж эхэлжээ. Улстөржиж ядахын хажуугаар хувийн сонирхол нь давамгайлсан юм шиг байгаа юм. Баянзүрхийн хэдэн захын боссууд нь ихэвчлэн Ардын намынхны эзэмшилд байдаг дуулдана. Да хүрээ захад ч МАН-ын Бага хурлын зарим гишүүн хувь эзэмшдэг гэх юм билээ. Ө.Энхтүвшин даргынх нь нэлээдгүй хувийг эзэмшдэг зах нь “Өгөөмөр” гээд хэвлэлүүд мэдээлчихэж. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Собу” компанийн тавин хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн бол тэр компани нь Өгөөмөр захыг ажиллуулдаг юм байна. Баянзүрхийн захуудын нэг шүү дээ, дээр дурдсан Өгөөмөр зах. Тэгэхээр нэг талаас иргэдийн эрх ашиг зөрчигдлөө гэж байгаа ч цаагуураа өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж, өмчөө хамгаалаад тэмцэж байна гэж ойлгогдохоор байна. Өөрийнхөө өмчийг хамгаалангаа улс төр хийж байгаа хэрэг болох нь. Тэнд ажилладаг иргэдийг нүүхгүй байхыг сануулж, өмгөөлж хамгаална гэж хэлж. Яг үнэндээ Баянзүрх дүүргийн тал нь Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Цайз. Энэ олон захад ажилладаг хэдэн зуун иргэнээс гадна энэ олон захуудын эзэд, түрээслэгчдийг хоолтой байлгах гэж тус дүүрэгт оршин суугчид, тэр ч бүү хэл захаар үйлчлүүлдэг хотын сая гаруй иргэн хохирч байх ёстой юу. Баянзүрх дүүрэгт өнгөрсөн оны байдлаар байнга оршин суугч 308672 иргэнтэй байсан. Одоо бүр ч их нэмэгдсэн. Тэдгээр иргэдийн хэд нь зах дээр ажиллаж амьжиргаагаа залгуулдаг. Хэд нь оршин суугч вэ. Захуудыг нүүлгэх нь буруу биш. Захууд бараг л хотын төвдөө байхаар замын түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол улам даамжирч байна. Тиймээс нүүчихвэл илүү л таатай байх болно.

“Хамгийн чадалтай, шинэ машин зардаг зах нь Баянчандманьд, хуучин машин зардаг захыг 22-ын товчоо хавьцаа байлгая” гэж манай сонин өмнө нь бичиж байлаа. Машин авчих дайны чадал байгаа бол ядахдаа 22-ын товчоо орчих дайны байх ёстой биз дээ. Машин унадаггүй, машин унадаг ч хаанаас ч болов авчих чадалтай хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн эрхийг хүндлээч ээ. Хотын төвлөрлийг багасгахын тулд Да хүрээ зах болон түүний эргэн тойронд үйл ажиллагаа явуулж, автомашины худалдаа эрхэлдэг 30 гаруй захыг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх нийслэлийн шийдвэр нь харин ч цагаа олсон. Тус зах дээр үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж анх зөвшөөрөл авахдаа өөр зориулалтаар авсныг Мэргэжлийн хяналтынхан хэлээд байгаа. Тэгэхээр шүүхдэлцэхдээ тулбал түрээслэгчид өөрсдөө ч асуудалд унаж мэдэх юм.

Түрээслэгчид өөрийнхөө эрх ашгийг хөндөхөөр хэл ам гаргахыг ойлгож болно. Ямар нэг шинэ зүйл хийхэд иймэрхүү бэрхшээл тулгарч л байдаг. Даван туулж л байдаг. Харин сөрөг хүчин болох МАН, тэр дундаа удирдлагууд нь улаан тугаа намируулчихсан сүр бараатай тийш зүглэх ямар хэрэг байна. Үүнийг сөрөг хүчний ажил гэдэггүй юм аа. Иймэрхүү явуургүй улс төр бол цаад санаа нь баригддаг. Бас нэг их газар авч чаддаггүй. Дивантай хаалга дараад хэвтэх дайны улс төр бол хотын иргэдийн эрх ашгаас дээгүүр байж яав ч болохгүй. Бусад улс оронд сөрөг хүчин ямар нэг асуудал дээр ялгаатай байр сууриа илэрхийлдэг. Тэрнээс биш бодитоор ажлыг нь гацаадаггүй. МАН-ынхан Бат-Үүл л санаачилсан бол ямар ч ажлыг нь жадлан эсэргүүцэж байвал бах нь ханах мэт ойлгох юм. Тэгвэл тэдэнд саналаа өгөөд гаргаад ирсэн иргэд тэгж бодож байна уу. Монголд байгаа сөрөг хүчин бол эрх баригчдын алдаатай бодлогыг эсэргүүцэхдээ захын үүдийг тэгнэх, парламентын үүдийг дивандах замаар илэрхийлдэг. Харин бусад орон үүнийг хүчирхийлэл гэж үзнэ. Нийслэл буруу шийдвэр гаргасан байж болно. Үүнийг шүүхээр шийддэг. Тэрнээс улс төрийн шоу хийгээд байх утгагүй. МАН-ынхан л үүнийгээ иргэдийнхээ төлөө хийж байгаа зөв зүйл гээд байгаа боловч үнэн хэрэгтээ ялагдаад өшөөгөө авч байгаа явуургүй үйлдэл шиг л харагдаж байна. Энэ хорлол чинь зөвхөн нийслэлийн, Бат-Үүлийн ажлыг хорлохдоо биш, нийслэлийн иргэдэд гай болоод байгаад л хамаг учир бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ?” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт бяцхан охин Сувдад хандивын гараа сунгах аяны талаар сурвалжлага бэлтгэлээ. Сурвалжлагын үргэлжлэлийг 16 дугаар нүүрээс уншаарай.

Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын ярилцлага орсон байна. Тэрээр “Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа” хэмээн ярьжээ. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт энэ удаа “Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ?” нийтлэл оржээ. II, V нүүрт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээлэл орсон бол IX нүүрт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын тойм орсон байна. XI нүүрний дэлхийн онцлох хүнээр энэ удаа Францын сайд Наджат Валло-Белькасемын тухай өгүүлжээ.

Тэрээр жижигхэн Марокко тосгоноос гаралтай жирийн айлын охин юм. Бага насандаа хоньчин явсан охин өдгөө Францын Боловсролын сайдаар ажиллаж байгаа билээ. Түүнийг дэлхий дахинаа онцлон ярьж байна. Харин XII нүүрт уран зохиолын булан орсон бол XIII нүүрт жүжигчин Чаминчулууны сонирхолтой уран бүтээлийн ярилцлага нийтлэгджээ. XVII нүүрт “Монгол туургатны мисс” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн Буриадын мисс Арюна Жаргаловна Бубеевагийн ярилцлага оржээ.

Мөн энэ өдрүүдэд Унгарын мисс Далма Карман, Тонга улсын мисс Даймонд Ланги нар Монголд ирээд байгаа. Эдгээр мисстэй хийсэн ярилцлага орсон байна. Учир нь эдгээр миссүүд ирэх есдүгээр сард манай улсад болох “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний 2013, 2015 оны тэргүүн титмийн эзэд юм. Харин XIX нүүрт сумогийн ертөнцөд шуугиулж яваа монгол бөх болох Кёкшюүхо Т.Эрдэнэбаатарын сонирхолтой ярилцлага нийтлэгджээ. Түүнтэй “Өдрийн сонин”-ы Япон дахь сурвалжлагч Эрдэнэцэцэг ярилцсан байна.

Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *