Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүд иргэний оролцоог дэмжсэн Ерөнхийлөгчид 8.8 оноо өглөө

“Ардын үг” аяны тав дахь зөвлөлдөх хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Ардын экспертүүд Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, гаргасан санал санаачилгуудыг хэлэлцэн, нууц санал хураалтаар 1-10 хүртэлх оноогоор дүн тавьсан юм. Хараат бус судалгааны МЕК агентлаг зөвлөлдөх хэлэлцүүлгийн саналыг хуудсыг тоолж дүнг гаргасан байна. “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид 8.8 оноо өгчээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд сонгогдсоныхоо дараа шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотойгоор нэмэгдүүлж, эдийн засгийг нь дэмжих бодлогыг тунхаглаж, анхны зарлигаа энэ чиглэлээр гаргаж байжээ. Улмаар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Орон нутгийн хөгжлийн сан байгуулах заалтыг тусгуулж дээрх бодлогоо бодит ажил хэрэг болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Энэхүү хуулийн дагуу иргэд өөрийн амьдарч буй орон нутгийнхаа тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн хэлэлцэж, уг асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг нь Орон нутгийн хөгжлийн сангаас гарган бүтээн байгуулалтын ажлууд хийх болжээ. Иргэдийн оролцоотойгоор төсвийн хуваарилалтыг хийх шинэлэг зарчим бүхий Орон нутгийн хөгжлийн сан байгуулагдсанаар аймаг, сумын төвүүд өнгө засч, оршин суугчид нь ажил, орлоготой болсон зэрэг олон эерэг үр дүн гарсан байна. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатарыг зорих нүүдэл саарч, харин хотоос аймаг, сум руу чиглэсэн шилжих хөдөлгөөн 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнийг “Ардын үг” зөвлөлдөх аяны зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд онцолсон юм.

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийн системийг ашиглалтад оруулснаар иргэд уг сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих боломж бүрдсэн нь “Шилэн данс”-ны зарчмыг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн сайн туршлага болжээ. Тиймээс уг системийг Авлигатай тэмцэх газраас “Сайн засаглалын төлөөх сайн туршлага”-аар тодруулсан байна.

Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэ бол төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн чухал хууль болсон юм. Өмнө нь төрийн байгууллагууд төрийн байгууллагадаа л төсвийн талаархи тайлангаа тавьдаг, тэр нь иргэдэд тэр бүр нээлттэй биш байсан бол Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжтой болсон юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хууль ч цаг үеэ олсон, зөв бодлогын үр дүн байсныг “Ардын эксперт”-үүд онцолсон. Уул уурхайгаас олж байгаа орлогоороо эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулалт хийх, ялангуяа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх тусгай сан байгуулах санаачилга хуульчлагдан батлагдаад удаагүй байгаа.

2016 оны хоёрдугаар сарын 5-ний өдөр батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд Ирээдүйн өв сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр тусгагдсан.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2012-2013 онуудад “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтууд орон даяар зохион байгуулагдсан. Үүний үр дүнд орон нутгийн иргэд төсвийн менежментийн мэдээлэлтэй болж, Орон нутгийн хөгжлийн сангийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон байна.

Эдгээр ажлуудыг өчигдөр болсон “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээр ярилцаж, Ерөнхийлөгч дэлгэрэнгүй тайлангаа тавьсан юм. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон “Ардын эксперт”-үүд дараа дараагийн Ерөнхийлөгч нар хийсэн ажлуудаа иргэд, сонгогчиддоо ингэж тайлагнадаг байх нь зөв гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *