Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын экспертүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол бахархлыг түгээхэд оруулсан хувь нэмрийг үнэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Энэ гуравдугаар сарын 6-нд анхны хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажлын хүрээнд болсон.

Удаах хэлэлцүүлгийг “Монгол хэмээх нэгэн нэр” сэдвийн дор өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд хийлээ. Уг хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009-2017 оны хооронд монгол хэл, бичиг, түүх, соёл, уламжлалаа дээдлэх, сэргээх, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, монгол хүнээ хөгжүүлэх, урлаг, спорт, нийгмийн бодлогыг дэмжих чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Л.Бадамдаш нар зөвлөлдөх хэлэлцүүлэгт урилгаар оролцов.

Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Ерөнхийлөгчийн хоёр удаагийн бүрэн эрхийн найман жилийн хугацаанд Монгол хэл, бичиг соёл, эх түүх, өв уламжлалаа сэргээх, бэхжүүлэх, баталгаажуулах чиглэлээр хийсэн ажлын тайланг “Монгол бахархал” илтгэлээрээ дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Ардын экспертээр оролцсон иргэд өөрсдийн байр суурь, санал дүгнэлтийг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол бахархал” илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж гүйцэтгэсэн, санаачилж уриалсан ажлуудыг тоймлон хүргэлээ.

Түүний илтгэлд дурдсанаар Төрийн тэргүүний Монгол хэл, бичгээ дээдлэн, хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаас нь нэрлэвэл монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан, “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг соёл” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгүүдийг ивээлдээ авч зохион байгуулсан. Хэлний бодлогын зөвлөлийг байгуулан ажиллуулсан зэргийг дурдаж болно. Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад ордог болгосон байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон Монгол бахархлын өдөр хэмээн зарласан юм. Бурхан Халдун хайрханаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн, “Дэлхийд түгсэн нууц товчоо” бүтээлийг хэвлүүлсэн, язгуур урлагийн хамтлагуудын тоглолтыг өөрийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулж байгаа, морьтон монголчууд морио унахыг уриалсан, “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуур” цомгуудыг ивээн тэтгэж дэмжиж хэвлүүлсэн гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол өв уламжлалаа сэргээх, хадгалах чиглэлээр хийсэн ажлууд олон. Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр Монголын эртний түүхийн таван боть ном, “Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; “Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл; “Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат кино, “Монголын эх түүх” долоон боть ном, Рашид Аддины “Шашдирын чуулган” зэрэг ном бүтээлүүд хэвлэгдэн гарсны зэрэгцээ Монголын түүхийн цахим тайлбар толь олны хүртээл болгосон билээ.

Дэлхийн монгол судлалын төвүүдийг сэргээх, үйл ажиллагааг нь дэмжихэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгойлон анхаарч ирсэн. Төрийн тэргүүн өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол судлалыг дэмжих санг байгуулсан төдийгүй Олон улсын монголч эрдэмтдийн хоёр удаагийн их хурлыг өөрийн ивээл дор зохион байгуулсан юм. Мөн гадаадад буй монгол судлалын төвүүдийг дэмжих, шаардлагатай ном, хэрэгслээр хангах, залуу монгол судлаачдыг дэмжих чиглэлээр чамгүй олон ажил амжуулжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаандаа онцгойлон анхаарсан нэг чиглэл бол монгол хүнээ дэмжих, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх талаархи зарлиг, шийдвэрүүд юм. “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга гаргасан, Хүүхэд харах үйлчилгээний хуулийг санаачлан батлуулсан, Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, багийн спортыг дэмжих, хөгжүүлэх, өвлийн спортыг дэмжих зэрэг зарлигууд гаргаснаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ чиглэлээр хамгийн бодитой санаачилга гаргаж ажилласан төрийн тэргүүнээр нэрлэгдэх болсон юм. Энэ бүх уриалга, санаачилсан хуулийн төслийн цаана монгол хүнээ дэмжих агуулга бий. Мөн боловсролтой монгол хүнийг дэмжих бодлогыг тэрээр хамгийн тодоор тунхаглаж, ажил хэрэг болгосон. Төрийн тэргүүн жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, МҮОНТ-ээр сурагчдад орон даяар теле хичээл заадаг уламжлалтай.

Эдгээр хичээлүүдийн сэдэв, агуулга нь бүгд Монгол бахархал, Монголын түүх, өв соёлын тухай байв.

Түүнчлэн дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг санаачлан боловсруулж, батлуулснаар тэтгэлэгтэй, хариуцлагатай оюутанд нийгмийн баталгаа үүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” жагсаалтын эхний 100-д багтсан их сургуульд элссэн оюутнууд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцаж буй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 250 гаруй залуус Ерөнхийлөгчийн энэхүү тэтгэлэгт хамрагдан дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж байгаа билээ. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, шагналуудын дийлэнх нь шилдэг эмч, багш, эрдэмтэн судлаачдад зориулагддаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналыг 2011 оноос хойш 17 залуу эмч хүртсэн бол, шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг 2011 оноос хойш 18 шилдэг судлаач хүртжээ. Мөн 2009 оноос хойш 197 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг оюутан” тэтгэлэг хүртээгээд байна. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртсэн тамирчдаа урамшуулах, багийн спорт, өвлийн спортыг дэмжих зэрэг шийдвэрүүд нь монгол хүнээ дэмжих зорилготой ажлуудынх нь нэгээхэн хэсэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар Төрийн тэргүүний урлаг, спортыг дэмжих чиглэлээр хийсэн ажлуудын талаар “Ялалтын цуурай” сэдвээр илтгэл сонсгож иргэдийн асуултад хариуллаа.

Үдээс хойших хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаарх иргэдийн эерэг, сөрөг санал бодол, үгийг тэнцвэртэй сонссоны зэрэгцээ жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлт гаргахаар болов.

Өмнө нь болсон гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээрх зөвлөлдөх санал асуулгаар ардын экспертүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авсан билээ.

Энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус “МЕС” судалгааны төв хянасан бөгөөд тус төв дүнг нэгтгэн гаргасан юм.

Энэ удаа ч зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцсон төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны 450 гаруй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жилд монгол хэл, соёл, түүх, уламжлал, монгол хүнээ хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажилд хараат бус, бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжоор бүрэн хангагдаад байгаа юм.

Монголын медиа корпораци нь “Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” гэсэн уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхээр зорьж байгаагийн нэг илрэл нь “Ардын үг” хэлэлцүүлэг болж байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *