Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан засгийн үед л болохгүй бүхэн дэлгэрчих гээд байх юм

Монголын циркийг хувьчилсан нь буруу гээд ШӨХТГ хэсэгтээ л бужигнаж, Асаршёорюү Д.Дагвадорж ч нүдэндээ нулимстай ямар циркийг анх хүлээн авч ямар болгосон талаараа мэдээлэл хийж шүүх цагдаадаа тулж байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн үед циркийн барилгыг улс эргүүлэн авах ёстой гэсэн яриа гарах болж. Үнэндээ бол Монголын Ардчилсан төр хувийн өмчийг нийгэмчилж болохгүй. Төр өмч өгдөг болохоос хураадаггүй. Өгсөн өмчөө эргүүлэн хураадаг эрүүл бус үзэгдэл энэ ардчилсан нийгэмд бус социализм, коммунизмын үед түүх болоод үлдчихсэн зүйл.

Тэр үед мал хувьчлах, феодалын хөрөнгө хураах кампанит ажил явагдаж юм юм л болдог байлаа. Манай оронд өмчийг хувьчлахыг, хувьчилж болдгийг харуулсан Ардчилсан намын үед ийм явдал гарч байгаа нь дэндүү харамсалтай. Лениний музейг төр хурааж зангаргаа харуулсан бол одоо бүр цирк, Ард кино театр, хүүхдийн нэртэй хэд хэдэн газруудыг улс авна гэж хэн дуртай нь ярих болж. Хувьчилсан л бол хувьд очсон гэдгийг хэн хэн нь мэдэж л баймаар юм. Хувьчлалаар авсан хүмүүс нь жаахан жудагтай, хийсэн шиг юм хийгээд явах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Монголын төр хувьчилсан барилгуудаа эргүүлж авна гэж донгодож байхаар шинээр цирк барьчих хэрэгтэй байгаа юм.

Өмнө нь манайх ганцхан спортын ордонтой ашиглах хугацаа нь дууссан энэ тэр гээд л бөөн хэл ам гарч байсан. Тэгвэл шинэ спортын ордон барьж болдог гэдгийг Нисэхийн дэнж дээр Буянт Ухаа хэмээх спорт цогцолборыг барьсан. Үүн лугаа Налайхад холдоод байвал Эмээлтэд ч юм уу зай талбай томтойхон газар цирк барьчихвал аятайсан. Тэгэхгүйгээр Үндсэн хуулийнхаа нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлийн хоёрт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, гуравт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заачихаад таалагдахгүй л бол хувьчилж, хувьчилснаа буцаана гэж хувь хүний хөлс хүч, хөрөнгөө зарсан зүйл рүү халддагаа больчихмоор байгаа юм. Үндсэн хуулиа зөрчин байж хувийн хэвшил рүү халдаж, хөрөнгө хураах гэж байгаа нь Ардчилсан нийгмийн сонгодог загвар болчих гээд байгааг эрх биш эрх баригчид анхаарч байгаа байлгүй.

Ер нь бол ард түмэн олон жил хүлээж байж Ардчилсан намд итгэл хүлээлгэн олон суудлыг олгосон. Олон суудалтай болсон гэдэгтээ омойтон хүний эрхэнд халдсан хууль тогтоомж шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Хувийн хэвшил рүүгээ хуруу гараа шургуулдаг, хувьчилсан объектыг улсынх нь болгоно гэж увайгүй орилдог, олонд таалагдахын тулд Пи Ар хийдгээ больчихвол ажил урагшлах боломж нээгдэх юмсан даа.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *