Өчигдөр “Туушин” зочид буудалд АН-ын ҮЗХ-ны хуралдаан явагдлаа. Хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн бөгөөд хуралдааны эхэнд ҮЗХ-ны зарим гишүүдийг шинэчлэн баталсан байна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 76 гишүүнээ ҮЗХ-ндоо оруулахаар батламжилжээ.
Ардчилсан намын ҮЗХ нийтдээ 210 гишүүнтэй. Өнөөдрийн хуралдаанд 139 гишүүн хүрэлцэн ирснээр ирц бүрдсэн юм. Хуралдаан АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс баталсан үндсэн зургаан асуудлаа хэлэлцлээ. Мөн өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээллийг хэлэлцжээ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан асуудлыг хөндөн ярилцаж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн юм.
Хуралдаан багагүй ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд хуралд “Нээлттэй АН”, “Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий залуус оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн тус намаас хөөгдсөн зарим залуус олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна
Өчигдрийн хурлын төгсгөлд Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай хэлэлцээд, 2016 оны 12 дугаар сарын 06-нд намын Их хурлаа хийхээр тогтлоо.
Ийнхүү хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж завсарлалаа. Хуралдаан өнөөдөр 11.40 цагаас эхлэх юм.
Хуралдаан ширүүн уур амьсгалд болж, Ардчилсан намын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтлоо.