Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Эрүүл мэнд, спортын сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Ламбааг томилуулах тухай Засгийн газрын саналыг хэлэлцэх үед УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын бүлгийн гишүүд
асуудлыг улс төржүүлж байгаа учраас дөрвөн цагийн завсарлагыг Ардчилсан
намын бүлэг хүсэж байна” гэв. Энэ саналыг УИХ-ын дарга хүлээн авч
байгаагаа мэдэгдэж, 16.00 цаг хүртэл Ардчилсан намын бүлэг завсарлага
өглөө.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн
Ө.Энхтүвшин: С.Ламбаа та нэг сарын настай сайд болох нь. Эрүүл мэнд,
спортын сайдыг томилохгүй найман сар явууллаа. Мэргэжлийн хүмүүс нь
ороод ирэхээр ямар нэг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдөр энэ асуудал
орж ирж байгаа нь үндсэндээ зангилаа тайлагдлаа. Энэ салбарт хүйтэн
сэтгэлээр хандлаа. Байлгаж байгаад эгзэгтэй үеийг тааруулж томилгоо хийх
нь. Би хувьдаа сонгууль тойрсон асуудлаар эрүүл мэндийн салбарыг
сонгууль руу чиглүүлэх үүрэг даалгавар өгөгдөж, боловсон хүчнийг нааш
цааш нь болгох, даалгавар өгөгдөх нь гэж харж байна. Тэрийг нь С.Ламбаа
хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Их том салбар. Бид шаардсан нь үнэн.
Эзэнтэй болгооч гэж шаардсан, С.Ламбаа гэдэг хүнийг чадна, чадахгүй
гэдэг талаас нь ярихгүй. Энэ нэг сарын хугацаанд юуг өөрчилнө гэж бодож
байна, юу хийнэ гэж албыг авч байна. Спортын асуудал давхар багтана.
Өнөө жил сонгууль, АСЕМ, олимп олон юм давхацсан, нам шахаж байгааг
мэдэж байна.

С.Ламбаа: Тусгай даалгавар ч байхгүй,
хуучин ажиллаж байсан байр суурин дээрээ ажиллана. Хүндрэлтэй нөхцөлд
байгаа ч эмч мэргэжилтнүүд хийдэг ажлаа хийгээд байж байгаа. Богино
хугацаанд хэд, хэдэн том зорилтыг хэрэгжүүлнэ. Эмнэлгийн тусламж
үйлчилгээтэй холбоотой 10 гаруй журмыг батлуулах ёстой. Өмнө нь
эхлүүлсэн байсан том ажлуудаа нэлээд явуулсан, Эх хүүхдийн эрүүл мэндийн
төвийн асуудлыг богино хугацаанд амжуулах зорилт тавьж байна. Сонгууль
бидэнд хамаагүй, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй учраас ажлаа хийнэ
гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ нэгхэн
сарын хугацаанд гоё сайхан болгоно гэж худлаа яриад яах вэ, тогтвортой
байлгахад анхаар. Дөрвөн жилийн хугацаанд чухал салбараа самарлаа.
Хамгийн хариуцлагатай салбараа бид самарсан шүү.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Томилгоог
хийхгүй хугацаа алдсан тухай ярьж байна. Гэвч одоог хүртэл
Г.Шийлэгдамбыг гэм буруутай эсэхийг тогтоосон шүүх хурал болоогүй. Ийм
учраас би хэсэг хугацаанд харзнах ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Ардын
намын бүлгийн гишүүд асуудлыг улстөржүүлж байгаа учраас Ардчилсан намын
бүлэг дөрвөн цагийн завсарлага хүсэж байна.

Завсарлагыг УИХ-ын дарга өглөө. Ингэхдээ 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Хилийн
үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон
батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *