Ховд аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийг 1964 онд төгссөн хамт олныг энэ удаагийн нэг анги буландаа урилаа. Тухайн үед Ховдын нэгдүгээр арван жилийн сургуульд “А”-гаас “Г” хүртэлх дөрвөн бүлэг төгсчээ. Эдгээр бүлгээс багш нарынхаа ур чадварыг шүүмжилж, анги танхимаа тохижуулъя, өвлийн улиралд анги танхим хичээл хийхийн аргагүй байна гэж сургуулийн захиргаандаа өргөдөл сэлт бичиж, тэр бүү хэл эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж, үргэлж “хэрэг” тарьдаг байсан нь 10-ийн “Б” ангийнхан байжээ.
Тэднийг төгсөх жилийн өвөл их хүйтэн байжээ. Гэтэл сургуулийнх нь хуучирсан байрны цонх, дээврээр хүйтэн салхи сийгэж, тэд ороолт, зузаан бээлийтэйгээ хичээлдээ суудаг байж. Гэтэл нэг өдөр монгол хэл бичгийн багш М.Шинэхүү тэдний бичгийн хэв анги нийтээрээ муудаж байгааг шүүмжилжээ. Тэрээр аравхан минутын дотор том самбар дүүрэн кириллээр болон монгол бичгээр түүвэр өгүүлбэрүүдийг нямбай гэгч нь биччихжээ. Баруун гараараа кириллээр, зүүн гараараа монгол бичгээр давхар бичдэг ховорхон авьяастай нэгэн байжээ. “Үүнийг хуулж бич” гэснээ “Та нарын дэвтрийн нэг нүүрийг шавар дээр унагачихаад нөгөө тал дээрх та нарын бичгийн хэвтэй харьцуулбал ялгарах зүйл огт алга. Өнгөрсөн намар л ангиараа цэвэр сайхан бичдэг байсан чинь одоо бүгдээрээ хичээл хийхээс залхуураад, бичгийн хэвээ алдагдууллаа. Та нарт муу тавьчихаар хичээлээ хийхгүй байхыг чинь харна аа” гээд загнаж гарчээ. Тэгтэл зүүн салааны арын ширээнд суусан Бямбаавал босоод “Та бид нарыг ямархуу байдалтай ангидаа сууж байгааг харж байгаа биз дээ. Бусад ангиуд сургууль, аймгийн хэвлэх үйлдвэрийн байранд хичээллэж байхад бид өвгөрч унах дөхсөн тоосгон байшинд хичээллэж байна. Өвлийн хүйтэн гадаа тачигнаж байхад улаан харганаас өөр түлэх түлш бидэнд алга. Таныг ярихад, биднийг амьсгалахад уур цан савсаж байгааг та харахгүй байна уу. Байж суухын аргагүй ийм хүйтэн ангид малгай, ороолт, бээлийтэйгээ суухгүй бол даараад байна. Зузаан, хоёр хурууны бээлийтэй бид үзгээ атгаж байгаад бичдэг. Тийм юм чинь бидний бичгийн хэв яаж ч өөдтэй байх билээ” гэчихээд суучихав. Багш нь “Юу гэнэ ээ” гэж дуугаа нэг өндөрсгөн тэднийг сайтар ажигласнаа “Та нар энэ асуудлаа сургуулийн захиргаанд тавь” гэчихээд гараад явжээ. Тэд ч ангиараа тойрч сууж байгаад сургуулийн захиргаандаа өргөдөл бичжээ. “Сургуулийн орчин, анги танхим гэдэг бол сурагчдын сурч боловсроход нэн таатай орчин байх ёстой. Гэтэл бид цонх нь хагархай, дээврээр нь салхи сийгсэн хуучин байранд суугаад өвлийн тэсгим хүйтэнд хичээллэж байна. Дээрээснь бидэнд мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй, их сургуулиасаа чөлөө авсан хүмүүс багшилж байхад бусад бүлгүүдэд эрдмийн цол хэргэмтэй, туршлагатай сайн багш нар хичээл зааж байгаа нь шударга бус байна. Хаврын элсэлтийн шалгалт хаяанд ирлээ. Хэрэв энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол та ажлаа өг” гээд өргөдөл бичээд дор нь гарын үсгүүдээ Ард Аюушийн “Цэцэг нуурын дугуйлан”-гийн заргын бичгийг дуурайлган дугариг хэлбэртэй бичээд захиралдаа өгөхөөр очжээ. Тэд очих очихдоо ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулга, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт нараараа ахлуулан ангиараа жагсаж, очоод захирал Цагаанхичигийн өрөөнд оржээ. Захирал нь ч нилээд бухимдангуй өргөдлийг унших зуур сурагчдын зөвлөлийн дарга Нямааж “Хөөх, та чинь халуу дүүгсэн сайхан өрөөнд суудаг юм байна. Ийм хүн бидний даарахын зовлонг мэдэхгүй байх нь аргагүй юм байна. Та бидний анги танхимд орж суухаа байг гэхэд ядаж шагайж бай л даа” гэчихэж.
Тэгтэл захирал нь “Намайг захирлын албан тушаалаас авч хаячихаад, та нарын хэн нь захирал болох гэсэн юм бэ?” гээд бостол, ангийн хамгийн дүрсгүй нь болох Ц.Даваахүү сандал дээр нь очоод сандайлчихаж. Тэгтэл “Уучлаарай багш аа, бидний хэн нь ч таны сандал, суудалд санаархаагүй. Тэгээд ч бид захирал хийнэ гэж юу байх билээ. Харин бидний тавьсан дээрх асуудлуудыг нухацтай хүлээн авч, цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх анзааны юм хэлэх болов уу гэж бодож зогссон захирал Цагаанхичиг дүрсхийн уурлаж, тэднийг өрөөнөөсөө хөөн гаргажээ. Харин үдээс хойш нь тэднийг “Монголын нууц товчоо” зохиолоор онолын бага хурал хийж үндэсний үзлийг дэвэргэсэн, зохион байгуулалттайгаар хичээл тасалсан, сургуулийн захирлыг хүндэтгээгүйгэх шалтгаанаар багш нарын зөвлөгөөний хурлаар оруулжээ. Дээр нь тэдний өмнө нь тарьсан “хэрэг” сөхөгджээ. Сар гаруйхны өмнө ангийнхаа хагархай шилийг солих гээд хажууханд нь баригдаж байсан сургуулийн барилгын цонхны шилийг хулгайлчихсан юмсанж. Ингээд л тус ангийнхныг бүгдийг нь гадаадын их дээд сургуульд элсэх эрхийг нь хасчихаж. Уг нь тэднийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1964 онд улс орон даяар шалгалт авалгүйгээр их дээд сургуульд элсүүлсэн юмсанж. Ийнхүү Ховдын нэгдүгээр сургуулийн дөрвөн ангийн 120-оод сурагч дүнгийнхээ голчоор жагсч зогсож байгаад гадаад, дотоодын их дээд сургуулиудад элсэх хуваариа авсан гэсэн үг. Харамсалтай нь тухайн цаг үеийнхээ бодит үнэнг илчилж, сургуулийн захиргаагаа шүүмжилснээрээ “Б”-ийнхэн хохирчээ. Бас болоогүй ээ, өргөдөл бичих, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, сургуулийн цонх хулгайлсан, багш нарыг ур чадваргүй хэмээн басамжилсан хэргүүдийг удирдан зохион байгуулсан гэх үндэслэлээр ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулга, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Ш.Тогтох, Б.Баттулга нарыг дээд сургуульд суралцах эрхийг хасаад зогсохгүй төмрийн дархан болон мужааны цехэд гурван жил ажиллуулахаар болжээ.Харин сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт гадаадын сургуулийн хуваарь авах эрхгүй болгожээ. Ийн үзэл сурталжсан дарга, багш нарын ам шийдвэрээр ийн сурагчид хохирсон юм. Хожим хичээлийн эрхлэгч Ч.Мудга нь Ш.Тогтох, Б.Баттулга нарт бүрэн дунд боловсролын гэрчилгээг нууцаар өгч сургуульд орох эрх нь нээгдсэн аж.
Гавьяат багш, төрийн шагналт Н.Эрдэнэцогт “Тэгэхээр бид ардчиллын салхийг аль эрт 50 жилийн өмнө аймагтаа сэвэлзүүлж, захиргаадалтыг зайлуулах, зоримог тэмцлийг өрнүүлж байсан байгаа биз. Хэрэв биднийг гадаадын сургуулиудад суралцах эрхийг нь хасаагүй байсан бол манай ангиас олон эрдэмтэд төрөн гарах байсан.Манай ангид баруун хязгаарын халх, захчин, торгууд, өөлд, казак, мянгад зэрэг олон ястан үндэстний хүүхдүүд суралцдаг байлаа. Хэдий өссөн орчин, амьдралын хэвшил ялгаатай ч хоорондоо эв түнжин сайтай байсан. Тиймгүйсэн бол юу боллоо гэж ангиараа сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, жагсах билээ. Тэгээд ч тухайн үед эцэг эхчүүд, багш нар бүгд хөгшин хүнд тусал, уруй дорой нэгнийг дээрэлхэж болохгүй, ажил хийвэл дуустал хий, ахмад хүний үгийг сайн сонс, сургуулийг нь дага гэдгийг онцгойлон захьдаг байсан. Тэгээд ч багш, эцэг хийнхээ үгэнд ордоггүй, “чих хатуу” хүн байгаагүй. Ийм хүүхдүүд баян хоосны ялгаагүй, хөх, ногоон дээлтэнгүүд даавуун цүнхтэнгүүд байлаа” гэсэн юм. Мөн ангийн дарга асан Ш.Тогтох “Ангийнхан маань бүгд хичээл сурлагадаа жигд сайн байснаас гадна хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Тухайн цаг үед багш, захирлаа шүүмжлэх нь бүү хэл муухай ч харж болдоггүй байлаа. Гэтэл манай ангийнхан тэдний эсрэг жагсаал хийж, эсэргүүцлийн өргөх бичиг хүртэл сургуулийн захиргаанд өгсөн гээд бодохоор мөн чиг бүдүүн зүрхтэй хүмүүс байсан байгаа биз. Ингэж бүдүүн зүрх гаргаж, тэмцэж өөрсдийн эрх ашгаа хамгаалахгүй бол хэн ч бидний өмнөөс, бидний төлөө үг дуугардаггүй байлаа. Зөв асуудлыг хөндөж, эрх ашгаа хамгаалсныхаа төлөө анги нийтээрээ шийтгүүлсэн дээ. Тухайн цаг үе нь тийм байсан хойно, яая гэх билээ. Гэхдээ л багагүй эр зориг гаргасан юм шүү” гэв.
Тэдний анги даасан багш нь орос хэлний багш Б.Нямааж гуай байжээ. Тэрээр одоо 80 нас хол давсан ч эрүүл энх, энх тунх амьдарч яваа юм байна. Хавар хичээл тарсны дараа ангийн хөвгүүд нь шинээр баригдаж буй сургуулийн барилгад ашиглагдах тоосгыг цохьдог байжээ. Зуны амралтаараа ихэнх нь хөдөө буюу гэр лүүгээ явчихдаг байж. Харин аймгийн төвд, гэртээ үлдсэн хүүхдүүд сайн дураараа сургуулийн барилгын ажилд тусалдаг байсан гэнэ. Тэд ч үргэлж хөдөлмөрлөж, бусдад тус хүргэхийг хичээдэг байжээ.
Ангиараа гадаадын их дээд сургуулийн хуваарь авч чадаагүйгээс гадна сурлагаараа сургуульдаа толгой цохьдог байсан ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулгыг ажилчин болгож, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогтод элсэгчдийн үлдэгдэл буюу гологдол хуваарь болох Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангийн хуваарийг өгсөн. Гэсэн хэдий ч тус ангиас гурван ч гавьяат цолтон төрөн гарснаас гадна хэд хэдэн доктор, төрийн шагналтангууд төрөн гарсан билээ. Бас алдарт уяач ч бий. Хар багын л барилдаж ноцолдох дуртай, бусдыгаа тас гэдрэгээр нь шидчихдэг байсан Б.Буядаа 1972 оны Мюнхений олимпийн жү-до бөхийн 60 кг-ын жинд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Ц.Даваахүү Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд тэрээр хүний гавьяат эмч юм. Харин гавьяат багш, доктор Н.Эрдэнэцогт ХААИС-д багшилдаг юм. Тэрээр бэлчээрийн монгол мал аж ахуйн чиглэлээр 2001 онд төрийн шагналт хүртжээ. Мөн хэдхэн жилийн өмнө бурхан болсон хэдий ч сойсон хурдан хүлгүүд нь аймаг сум, улсын уралдаанд тогтмол дээгүүр уралддаг алдарт уяач Д.Цогтбазар агсан тус ангид сурдаг байжээ. Тэрээр хар багын моринд хорхойтой байснаас гадна сурагч байхдаа сумынхаа наадамд хэд хэдэн удаа даага, шүдлэн, хязаалан насны морьдоо айргийн тавд хурдлуулжээ. Мөн тус ангиас гэмтлийн Ч.Батнасан, хүүхдийн Ш.Алтанцэцэг, цэргийн Д.Бямбаа хэмээх алдарт эмч нар төрөн гарсан аж.
Одоо тэд бүгд 70 насны сүүдэр зооглосон, буянтай буурлууд. Гэхдээ хүүхэд ахуй цагийнхаа гэгээлэг, гэнэн, соньхон дурсамжаа ярихаараа нүдэнд нь оч гялалзаад, нүүрэнд нь баясал тодорно. Тэд “Бид хэдий хөшгирсөн ч дурсамжаараа мөнхийн залуу амьдарцгааж байна даа” гэцгээсэн юм.
М.УУГАН-ЭРДЭНЭ