-ПАРИСТ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД БОЛЖ БАЙНА-
Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан “Монголын соёлын өдрүүд”-ийг Парис хотноо зохион байгуулж байна. Нээлт нь өнгөрсөн пүрэв гаригт Францын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн яамны харьяа Сэлл Сан Клу шилтгээнд болов. Энэ нь Францын төрийн сайд, дарга нарын өргөө байрладаг манайхаар бол “Их тэнгэр” цогцолборын нэг хэсэг гэсэн үг юм байна. Өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авдаг уг шилтгээнийг тансаг болгодог зүйл нь түүнийг тойрсон цэцэрлэгт хүрээлэн аж. Уран баримал ихтэй, ургамал ногоо нь халиурсан энэ цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд босоо хүлээн авалт хийж, ардын урлагийн тоглолтоо сонирхуулахаар Монголоос “Хөсөгтөн” хамтлаг, уран нугараач, бүжигчдийн бүрэлдэхүүнтэй урлагийн баг очсон байв.Францад амьдарч байгаа монголчууд ч цугласан байлаа. Францын талаас томоохон аж ахуйн нэгж, компаниудынх нь захирал, тус улсад гадаад орноос суугаа дипломат корпусын тэргүүнүүд гээд нэр хүндтэй зочид иржээ. Өмнө нь БНХАУ соёлын өдрүүдээ энэ шилтгээнд хийж байсан бол хоёр дахь нь Монгол Улсболж байгаагаараа онцлогтой гэнэ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лурон Фабиус нар оролцож үг хэлсэн юм. Л.Пүрэвсүрэн сайд үг хэлэхдээ “Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч бид өнө эртний түүхтэй ард түмэн. Францын алдарт аялагч Гильом де Рубрук Монгол орныг зорьж очсон Европын анхны элч байсан. Тиймээс Монгол, Францын уран бүтээлчид хамтран түүний тухай кино хийхээр ажиллаж байна.
Монголчууд хоёр том гүрний дунд оршдог цөөхүүлээ ард түмэн учраас түүх, соёлоо дээдлэн,тусгаар тогтнолоо баталгаажуулах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Тийм учраас Монгол, Францын түншлэлд соёлын харилцаа тэргүүлэх байр суурь эзэлсээр байна. Үүний гэрч нь өнөөдөр Францынномын сан, түүхийн архивуудад Монголын түүхийн тухай маш ховорбаримтууд хадгалагдсаар байгаад баяртай байдаг. Монгол Улс тусгаар тогтнолоо буцаан олж авсны дараа 1925 онд гадаад руу сургахаар илгээсэн оюутнуудыг Франц руу явуулсан байдаг. Францад бэлтгэгдсэн сэхээтнүүдийн үе удам өнөөдөр ч гэсэн Монголын нийгэм болоод соёл урлагт тэргүүлэх байр суурь эзэлсэн хэвээрээ байгаа.
Монгол Улс ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Бид ардчиллын буянаар Монгол, Францын харилцаа шинэ түвшинд хөгжиж чадсан гэж дүгнэдэг. Өнөөдөр манай хоёр орон эртний уламжлалт хэлбэрээр бус ардчилал, хүний эрх,зах зээлийн эдийн засаг,хуулийн засаглалыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйл дээр тулгуурлан харилцаагаа өргөжүүлж байна. Бидний харилцааг гүнзийрүүлэн хөгжүүлэхэд Францын Гадаад хэргийн сайд ноён Лурон Фабиусын хувь нэмэр онцгой гэдгийг энд тэмдэглэн хэлье. Цаашдаа Монгол, Францын харилцааг маш олон салбарт идэвхтэй хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Худалдаа хөрөнгө оруулалтаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарт харилцаа хөгжүүлэхийг зорьж байна. Бидний харилцаа 50 жилээр тогтохгүй үргэлжилнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Тэгвэл Францын Гадаад хэргийн сайд Лурон Фабиус “Зөвхөн Монгол, Францын дипломат харилцааны ой биш хамтын нөхөрлөлийнхөө баярыг тэмдэглэхээр бид цуглаад байна. Манай хоёр улсын харилцаа 50 жилээс ч илүү түүхтэй. 2013 онд намайг Монгол Улсад айлчлахүеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж“Та бүхнийг удаан хүлээлээ. Долоон зууны тэртээ Монголын хаанд захидал хүргэхээр ирж байсан Гильом де Рубрукийн дараа манайд айлчилж байгаа хүн нь та боллоо” хэмээн хэлж байлаа. Мөн тэрбээр “Монгол Улс газрын зураг дээр хоёр том гүрний дунд оршдог. Харин манай гуравдагч хөрш бол танайх” хэмээн хэлж байсныг ч санаж байна. 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн замд шилжсэнээс хойш манай хоёр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжиж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Франц, Монголын талаас харилцан өндөр түвшний айлчлалууд хийхээр тохиролцлоо. Мөн Франц улсад анх удаа Монголын соёлыгөдрүүдийг дөрвөн хоног хийхээр болж байна.Энэ арга хэмжээний үеэр гэрэл зураг, уран зураг, эртний эдлэлийн үзэсгэлэн сонирхож,Монгол ардын урлагийн тоглолтоор бид бүхнийг баясгаж,шагайн харваа, монгол гэртэй танилцах боломж нээгдэж байна. Түрүүнд миний түнш Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн “Монголчууд хоёр их гүрний дунд оршиж байгаа, цөөн хүн амтай улс учраас соёлоороо дамжуулж хүчирхэг болох ёстой” хэмээн хэлсэн. Монголчууд соёл, өв уламжлалаа авч үлдэхээр идэвхтэй зүтгэж байгааг харж байна” гэсэн юм. Тэрбээр соёлын өдрүүдийн үеэр үзүүлэх ардын урлагийн тоглолтыг найруулж буй гавьяат жүжигчинД.Сосорбарамд талархсанаа төгсгөлд нь илэрхийлж байлаа. Францын Гадаад хэргийн сайд Лурон Фабиус өмнө нь тус улсын Ерөнхий сайдаас эхлээд өндөр дээд хэмжээний албан тушаалуудыг хашиж явсан Францдаа нэр хүндтэй рейтинг өндөртэй лидер улстөрчдийн нэг юм байна.