Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард иргэдийнхээ сайн сайхан аж амьдрал, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө хариуцлагатай байхыг дэлхийн улс төрийн намуудад уриаллаа

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин 2021 оны 7 дугаар сарын 6-нд Бээжин хотноо болсон ХКН ба Дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлж буй нь. (Синьхуа/Ли Сюэрен)

Ард түмнийхээ сайн сайхан амьдрал болоод хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө илүү хариуцлагатай байхыг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэлхийн улс төрийн намуудад уриаллаа.

КОВИД-19 цар тахал, тэгш бус байдал, терроризм болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин дэлхийн улс төрийн намуудад уриалсан байна.

Технологийн хөгжилд саад учруулах, цар тахлыг улс төржүүлэх, “бусад улс орны хөгжлийг хойш татаж, хорлон сүйтгэх зорилго бүхий улс төрийн заль мэх хэрэглэх”, их гүрний дээрэнгүй үзэл гаргахыг оролдох зэрэг практикийг ашиглагчдыг Бээжин хотноо долдугаар сарын 6-ны өдөр болсон ХКН ба Дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад Си Зиньпин цахимаар холбогдон үг хэлэхдээ хатуу шүүмжилсэн байна.

160 гаруй улс орны 500 гаруй улс төрийн нам болон байгууллагын удирдагчид оролцсон уг дээд хэмжээний уулзалт нь сөргөлдөөн эсвэл харилцан хүндэтгэл, дангааршил эсвэл нээлтэй байдал бөгөөд хамтын ажиллагаа, ялагчгүй зөрчилдөөн эсвэл харилцан ашигтай хамтын ажиллагааны чухам алийг нь сонгох вэ гэсэн “түүхэн огтлолцол дээр хүн төрөлхтөн ирээд буй энэ цаг үед” боллоо.

“Сонголт бидний гарт байгаа бөгөөд хариуцлага бидний нуруун дээр байна” гэж Си Зиньпин дэлхийн улс төрийн намуудын удирдагчдад хандан хэлсэн байна.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХАРИУЦЛАГА

Улс төрийн намууд нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг тодорхойлогч чухал хүчин болохын хувьд улс орноо зөв замаар жолоодож, ард түмнийхээ сайн сайхан амьдралын баталгааг хангаж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих түүхэн үүрэг хариуцлагыг үүрэх хэрэгтэй гэж Си Зиньпин хэлээд, улс төрийн намуудад хүн төрөлхтний хамтын ирээдүйг тодорхойлох зөв замыг гаргаж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг дэмжиж, сурталчлах замаар харилцан ойлголцол, зөвшилцлийг бий болгох үүрэг хариуцлагыг хүлээхийг уриалжээ.

Бид нийт хүн төрөлхтний ирээдүйн төлөө хариуцлага хүлээх өндөр мэдрэмжтэй байж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн төлөө тэмцэж, янз бүрийн соёл иргэншлийн үнэт зүйлийг ойлгох хүлээцтэй байдлыг бий болгож, янз бүрийн ард түмний ялгаатай байдлыг хүлцэн хүндэтгэх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Улс төрийн намууд ард иргэддээ бүгдэд нь хөгжил дэвшлийн ашиг тусыг илүү шударгаар хүртээх замаар хөгжлийг ахиулах үүргийг хүлээх хэрэгтэй” гэжээ.

Бүх улс орон болон үндэстнүүд хөгжлийн боломж, эрх тэгш байдлыг тэгш эдлэх эрхтэй гэдгийг Си Зиньпин цохон тэмдэглэхийн сацуу баян ядуугийн ялгаа, хөгжлийн хуваагдал зэрэг томоохон асуудлуудтай улс төрийн намууд нүүр тулан ажиллахыг, ялангуяа буурай хөгжилтэй улс орон, бүс нутаг, ядуу хүмүүст онцгой анхаарал, анхаарал халамж тавих хэрэгтэйг онцолжээ.

Түүнчлэн технологийн хөгжлийг блоклох, бусдыг хагаралдуулж тусгаарлах гэсэн аливаа оролдлогыг хамтдаа эсэргүүцэхийг тэрбээр улс төрийн намуудад уриалав.

Дэлхий нийтэд тулгарч буй эрсдэл, сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийг тэрбээр мөн уриалаад, цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үед улс төрийн намууд “дархлаажуулалтын тэнцвэргүй байдал”-ыг багасгах, цар тахлыг улс төржүүлж, цар тахалд “газарзүйн шошго” наах гэсэн оролдлогуудыг эсэргүүцэх хэрэгтэй гэв.

Мөн ард иргэдээ сайн сайхан амьдруулахын тулд засаглалын чадавхаа сайжруулахыг тэрбээр улс төрийн намуудад уриалаад “Аливаа улс орныг ардчилсан улс уу үгүй юу гэдэг дүгнэлтийг цөөн хэдэн хүн бус ард түмэн нь гаргах ёстой” гэсэн байна.

ХКНЫН ДЭЛХИЙД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Си Зиньпиний хэлснээр, БНХАУ гэдэг нэгэн том айл өрхийн аж амьдралыг сайн сайхан авч явах, энэ улс орны 1.4 тэрбум гаруй иргэний аз жаргалтай амьдралын баталгааг хангах, нийт хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих нь ХКН-ын гуйвшгүй зорилго юм.

ХКН нь Хятад маягийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийн тулд Хятадын ард түмнийг удирдан нэгтгэж, нийт хүн төрөлхтөнд хөгжин дэвшиж, шинэчлэлийг хийхэд нь хувь нэмрээ оруулах болно гэж Си Зиньпин хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Шинэчлэлийг хийх тогтсон загвар, арга барил гэж байдаггүй бөгөөд тухайн улс орны онцлогт тохирсон арга зам л хамгийн сайнаар үйлчлэх болно. Багадсан гутлыг тааруулж өмсөхийн тулд хөлийнхөө хурууг тайрч болохгүйтэй адил” гэв.

ХКН нь шинэчлэл болоод нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх цогц алхмуудыг хийж, дэлхийн бүх улс орны хамтын хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахын тулд Хятадын ард түмнийг нэгтгэн удирдах болно гэж тэрбээр цохон тэмдэглээд “ХКН нь хүн төрөлхтний сайн сайхан байдал, аж амьдралыг дээшлүүлэхийн тулд их гүрний улс төрийн том намын хувьд үүрэг хариуцлагаа үүрэх болно” гэсэн байна.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогоор амь зууж байсан 98.99 сая иргэнээ ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш ядуурлаас ангижируулснаар БНХАУ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030-д тусгасан үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах зорилтод товлосон хугацаанаас даруй 10 жилийн өмнө хүрч чаджээ. Харин одоо ХКН нь дэлхий дахины ядуурлыг бууруулах үйл явцад Хятадын шийдэл, Хятадын хүч чадлаар илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж Си Зиньпин дарга хэлсэн байна.

КОВИД-19-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ илүү их хүчин чармайлт гарган ажиллахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд илүү их хувь нэмэр оруулах болно гэж тэрбээр хэлжээ.

Мөн тэрбээр “Хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудын эсрэг хариу арга хэмжээ авахад илүү их хувь нэмэр оруулахын тулд ХКН нь дэлхийн хэмжээнд засаглалыг сайжруулах чиглэлээр илүү идэвхтэй ажиллах болно” гээд “Бид олон талт үзлээр халхавч хийсэн нэг талт үзлийн эсрэг бат зогсож, их гүрний дээрэнгүй үзэл гаргаж, улс төрийн башир арга ашиглахыг оролдогчдод ‘үгүй’ гэж хэлэх хэрэгтэй. Хятад улс хэзээ ч их гүрний дээрэнгүй үзэл гаргаж, нөлөөгөө тэлэхийг оролдохгүй” гэв.

Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч бөгөөд эрх баригч Африкийн үндэсний конгресс намын дарга Сирил Рамафоса болон өөр 20 гаруй улс төрийн нам, байгууллагын удирдагчид үг хэлжээ.

Улс төрийн намууд ард түмнээ сайн сайхан амьдруулахын тулд хариуцлага хүлээх ёстой гэж Си Зиньпиний хэлсэнтэй тэд санал нэгдэж, энэ дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын тулд ХКН-тай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Хүнин болон ХКН-ын бусад өндөр дээд албан тушаалтан уг дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Мөн улс төрийн намууд болон янз бүрийн салбарын төлөөлөл болсон 10 мянга гаруй хүн энэ арга хэмжээнд оролцсон байна.

Дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хүн төрөлхтний хөгжил дэвшил болон сайн сайхан аж амьдралыг хөхиүлэн дэмжих нийтлэг хүсэл зоригийг илэрхийлсэн хамтарсан санаачилгыг энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон улс төрийн намууд гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *