Токиогийн тэнгэр цэлмэг, нар шаргалтан налайж, зэвэргэн салхи үлээвч хаврын уур аль хэдийнэ оржээ. Хоёрдугаар сарын 23 бол Япон улсын Эзэн хааны мэндэлсэн өдөр тул бүх нийтийн амралтын өдөр. Корона цар тахлын улмаас хүмүүсийн хөдөлгөөн, гарч орох илт саарсан гэдгийг өөрийн эрхгүй мэдрүүлэх мэт ордоны орчим эл хуль, нам гүм. Сумогийн холбоо цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд ёс дэг хатуу дээрээ улам бат чанга болсон мэт үүдний харуул, цагдаа нар зөвхөн урилгатай хүнийг л дотогш нэвтрүүлж байв.
Энэ өдөр Монголын сумоч хүчит хөвгүүдийн нэгэн болох сумо бөхийн дээд макүүчи зиндааны хоёр дахь чансаанд эрэмбэлэгдэж байсан “Догшин бүргэд” хэмээх Араваши Эрхбаярын Дөлгөөний зодог тайлах ёслол болж буй юм. Зодог тайлаад жил гаруйн дараа нэг удаа хойшлогдсоор энэ өдрийг золгож байна. Анх 15 настайдаа сумочийн замналаа эхэлж, 18 жил хүч бяр уралдуулан барилдсан, башё бүрт л хөл гишгэх газаргүй, үймж шуугьсан хөгжөөн дэмжигч, зочид дүүрэн, уухай түрлэг, халуун алга ташилт нижигнэж байдаг дэвжээнээ тэр сүүлчийн удаа чёнмагэ үсээ засуулах гээд хүндэтгэлийн олбог дээр сууж байна. Зочид бие биенээсээ зайтай суусан сэлүүхэн танхимд нам гүмийг эвдэж сумогийн ёслолын модон товшуур цохин хэдэнтээ ташиж, дуу авиа цуурайтан ёслол эхэллээ.
Сумоч хүний сүлд хийморь орших эр зориг, баяр бахдалыг илтгэх чёнмаге /цолтой бөхийн гоёлын үсийг оичёо гэдэг/ үсийг засахад ихээхэн утга учиртай, үндэсний уламжлал, соёл гүн шингэсэн өвөрмөц зан үйл байдаг. Дэвжээнийх нь мастер үсчин үсийг нь янзалж эхлэв. “Эн эйч кэй” телевизийн сумо тайлбарлагч, нэрт нэвтрүүлэгч Угата хөтлөн тайлбарлалаа. Эхлээд сумочийн үсийг норгож, тусгай самаар нямбайлан хэдэнтээ самнасны дараа олон төрлийн модны холтос, ургамлын тос бүхий анхилуун үнэртэй лав ваксаар гялалзсан, толигор болгож, хэлбэржүүлэх үүднээс дахин шүүрэн самаар самнаж, тосны үлдэгдэл зэргийг унагаадаг аж. Ингээд муутуу цаасаар ээрүүлдсэн нарийн бөх утсаар үсийг сул зангидаад дараа нь буцааж үсийг угаар нь дахин боож, үзүүрийг магнай руу чиглүүлж, гоёмсог хэлбэр дүрстэй болгон тусгай модон савхаар засч, янзлан дуусгав. Үүнд 10-20 минут зарцуулагддаг бөгөөд сумочийн царай төрх, толгой нүүрний хэлбэр, зуршил, хөдөлгөөн бүрийг нь бодолцон яг л тухайн хүнд таарч тохирсон бас өө сэвийг нь дарах, хамгийн үзэмжтэй болгох чёнмаге засалт хүн бүрт өөр учир нэлээд нарийн ур чадвар, чимхлүүр ажиллагаа шаарддаг аж. Мэргэжлийн үс засалч болоход дор хаяж арван жил зарцуулдаг ба таван зэрэглэлээр ахисаар хамгийн дээд мастер үсчин болдог ажээ.
Одоогоор 650-иад сумоч барилдаж тэдний дунд 50-иад үсчин бий. Кейко дууссаны дараа болон барилдаанаас өмнө өдөр болгон үсээ засуулна. Макүүчи зиндааны бөхчүүд тусгай үсчинтэй, башёд барилдахаас өмнө болон хойно янзлуулдаг. Үсээ янзлуулж байх хооронд сумочын хувьд бие сэтгэлээ амраах бясалгалын нандин агшин байдаг. Үсний анхилуун тос нь маш их тайвшруулах нөлөөтэй учир сэтгэл дотроо төвлөрөх, бодлоо цэгцлэх үнэтэй цаг мөч байдаг ажээ. Чёнмаге үс засалтын дараа гол үйл явдал болох үс үргээх ёслол эхлэв. Хамгийн түрүүнд эх орон, нутаг ус, элгэн садныг нь төлөөлж Японд суугаа Монголын Элчин сайд Д.Батжаргал ерөөлийн үгээр хурайлан, үсийг хөндсөн юм. Түүний аав хоёр ихэр улсын начны нэгэн, Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн дэлхийн аварга, Сөүлийн Олимпийн чөлөөт бөхийн дөрөвдүгээр байранд шалгарч асан нэрт тамирчин Лодойн Эрхбаяр, ээж Д.Оюун нар АНУ-ын Флорида мужаас цахимаар хүүгийнхээ ёслолд оролцлоо. Арвантаван настай балчир хүү анх энэ газар хөл тавьснаас хойш олон хүнтэй уулзан учирч, сумогийн дэвжээнд нэр төртэй, ааг омгоор бялхан, хүч үзэн явахад сайхан барилдлаа гээд нурууг нь алгадан бахдаж байсан, бэртэлтэй хүнд үед эдгэнэ ээ гээд түшиж, босгож байсан, гардан эмчилгээ хийгээд, санаа сэтгэл тавин гүйж байсан, амттай хоолоор дайлаад, сайн цадаад ав гээд хамаг байдгаа дэлгээд угтаж байсан, яахаа мэдэхгүй, тээнэгэлзэн байхад хүч, урам зориг өгч байсан олон хөгжөөн дэмжигч, япон “аав, ээж” болсон дотны хүмүүс, мөр зэрэгцэн, цээж тулан, үзэлзэж, хурцалж, хурцлагдаж явсан үеийн бөхчүүд, Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, Ояагата Асасикирюү Б.Дашням тэргүүтэй монгол бөхчүүд болон 330-аад эрхэм зочин үсэнд нь хүрч, хүндэтгэл үзүүлэв. Ингээд гэнэт танхимын гэрэл унтарч, морин хуурын аялгуу эгшиглэн Араваши Дөлгөөний сумогийн замналыг он дараалан өгүүлж, Минезаки дэвжээний ояагата сумо бөх хүний сүр хүчин орших чёнмаге үсийг тайрснаар гол ёслол өндөрлөв.
Хажууд нь үргэлж түшиж, тулсаар ирсэн гэргий П.Янжинлхам үнэнч хайрын бэлгэдэл болох гал улаан сарнай цэцгийн баглаа барин, баяр хүргэлээ. Дараа нь энгийн үс засалт хийлгэн, хувцсаа солихоор арын өрөөнд орох замд сумогийн жаргал зовлонг хамтдаа туулж ирсэн дотны найз Сакигаке Я.Баттүшиг нулимс дуслуулан түүнийг чанга тэврэхэд өөрийн эрхгүй огших сэтгэл төрж байлаа. Дараа нь асуухад тэр коронагийн улмаас ёслолын үеэр биед нь хүрч, ярьж болохгүй гэсэн хатуу мөрдлөг байсан учир юу ч хэлж чадаагүй. Найзыгаа тэвэрч байж л сэтгэл онгойлоо гэж хэлж байсан юм. Түүнийг үсээ засуулж байх хооронд тал талаас Японы хэвлэл мэдээллийн сэтгүүлчид сэтгэгдлийг нь асууж, зургийг нь дарсаар байлаа. Зуны халуунд урт үс түвэгтэй юм гэж цухас дурдаж байсан тэрбээр толгой хөнгөрөөд бас сэтгэл нэг л амарч, тайвшрах шиг боллоо хэмээн намуухан инээмсэглэн, аядуухан хариулж байв. Гэргий нь ард догдлон харж, хувцас хунарыг нь бэлдэн, зангиаг нь зүүж өгөв. Дэвжээний залуу бөхчүүд болох бас түүний туслах хийж байсан дөрвөн бөх гоёлын мавашиг нь зүүж, ая дуугаар мэндчилгээ өргөсөн юм. Ингээд ёслолын сүүлийн мөчид үсээ засуулчихсан гоёмсог костюмтой залууг дохёон дээр гарахад зочид түүний цоо шинэ дүр төрхийг харан баясаж, алга ташин баяр хүргэв. Өнөөг хүртэл түшиж тулж явсан, сумогийн эцэг болох ояагатадаа баярласнаа илэрхийлэн цэцгийн баглаа барьж, талархал дүүрэн харцаар “Арван таван настайдаа анх ирж байсан өдөр өчигдөрхөн л юм шиг санагдана. Арван найман жилийн турш намайг дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа.
Халдварт цар тахлын эгзэгтэй, хорио цээрийн хатуу дэглэмтэй хэцүү цаг үед энэ агшинг надтай хамт өнгөрөөсөн та бүхэндээ сэтгэлийнхээ угаас гүн талархаж байна” хэмээн хэлээд Ояагатан хамт бөхийн мэндэлж, буугаад, дохёондоо мөргөсөн билээ. Энэ л дохёон дээр 103 башёг өнгөрүүлж, гурван ёкозунаг өвдөг шороодуулан “Алтан од” тусгай шагнал хүртэж байсан, нийтдээ 951 удаа зодоглож 493 удаа давж, 461 удаа өвдөг шороодож байсан хөлс, нулимс урсгасан, унаж босож, бэртэж гэмтэж, асаж, дүүлэн явсан сумогийн амьдралаа ийнхүү үдлээ. Түүнийг шинэ амьдрал, шинэ хүсэл зорилго хүлээж буй…
Сурвалжилсан Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Гэрэл зургийг В.ДАВАА