Categories
гадаад мэдээ

АНУ, Умард Солонгосын төлөөлөгчдийн уулзалт үр дүнгүй болжээ

Шведийн Лидинге аралд өнгөрсөн бямба гаригт АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид уулзсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Тэдний уулзалт найман цаг гаруй үргэлжилжээ.

Энэ талаар БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Мён Гиль “Хэлэлцээрийн ширээнд “гар хоосон” ирсэн АНУ-д бид сэтгэл дундуур байна. Тэд хэлэлцээ хийх ямар ч бэлтгэлгүй байна. Тиймээс хэлэлцээг зогсоож, он дуустал хийхгүй байхыг зөвлөсөн” хэмээн онцолжээ. Умард Солонгосын төлөөлөгчид хэлэлцээг дуусгалгүйгээр уулзалтын танхимыг орхин гарчээ. Ким Мён Гиль урьд нь Умард Солонгос баллистик пуужингийн туршилтыг үргэлжлүүлэх эсэх нь Вашингтоноос шууд хамаарна гэж мэдэгдэж байсан удаатай. Тэрбээр “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон итгэлцлийг бий болгоход чиглэсэн алхмыг бид түрүүлж хийсэн. Хэрэв АНУ үүнд чин сэтгэлээсээ хандвал бид цөмийн зэвсгээс ангижруулах алхмуудыг нухацтай хэлэлцэж, дараагийн шатанд шилжих боломжтой болно” гэж байжээ.

АНУ-ын эрх баригчид Швейдэд хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэн гэх Пхеньяны мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа аж. Мөн Швед дэх АНУ-ын элчин сайд Билл Мартин энэ мэдээлэлд тайлбар өгөх боломжгүй гэв. Умард Солонгосын төлөөлөгчдийг Ким Мён Гиль тэргүүлсэн агаад тэд Пхеньянаас Бээжингээр дайран Стокгольмд хүрэлцэн очжээ. Харин АНУ-ын төлөөлөгчдийг БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Бигун ахалсан юм байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болж байв. Харин хоёр дахь уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын Ханой хотноо болсон ч талууд тохиролцоонд хүрч чадалгүйгээр тарцгаасан билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зун хоёр Солонгосын цэрэггүй бүсэд гэнэтийн уулзалт хийсэн нь дэлхийн анхаарлын төвд байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *