Categories
гадаад мэдээ

АНУ Украинд хамгийн их цэргийн тусламж үзүүлж байна DNN.mn

Украины батлан хамгаалах асуудлаарх АНУ тэргүүтэй холбоо барих бүлгийн 2023 оны анхны уулзалт буюу Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн форматын найм дахь уулзалтыг нэгдүгээр сарын 20-ны Баасан гарагт хийхээр төлөвлөж байна.

Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн формат нь АНУ-ын санаачилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан, 50 гаруй дэмжигч орныг багтаасан батлан хамгаалах хамтын ажиллагааны нэг хэлбэр, механизм бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр явагдах “Рамштейн-8” уулзалтаар дээрх орны тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Рамштейн форматын зорилго нь Украинд шаардлагатай цэргийн зэвсэглэл, техник, санхүүгийн тусламж үзүүлэх, батлан хамгаалах чадварыг нь сайжруулах, сэргээн босголтод туслах явдал бөгөөд өнгөрсөн хугацаанд дэмжигч орнууд Украинд ихэвчлэн хориглон хамгаалах зэвсэглэл нийлүүлж байсан бол энэ удаагийн уулзалтаар давшилтын зэвсэглэл түлхүү нийлүүлэх хандлагатай байна. “Рамштейн-8” уулзалтын бэлтгэл ажил АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин, Германы Батлан хамгаалахын сайд К.Ламбрехт нарын удирдлага дор үндсэндээ хангагдаж дуусаад, ирэх баасан гарагт эхлэхэд бэлэн болоод байна.

“Рамштейн-8” уулзалтаар түлхүү дэмжлэг авахын тулд Украины Ерөнхийлөгч В.Зеленский шинэ он гарсаар Канад, Их Британи, Нидерланд, Норвегийн Ерөнхий сайд зэрэг дэмжигч орны удирдагч нартай утсаар ярилцаж байна.

“Рамштейн-8” уулзалтаар Украинд агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем, Германы Ирвэс танк, Их Британийн Челленджер танк, Америкийн Брэдли явган цэргийн байлдааны машин, Францын дугуйт танк, хуягт тээвэрлэгчийг Украинд нийлүүлэх төлөвтэй байна.

Хамгийн гол хандивлагч АНУ “Рамштейн-8” уулзалтаар Украинд 3 тэрбум ам.долларын тусламж нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ж.Байдены засаг захиргаа Украинд нийтдээ 24,9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлээд байна. Үүнд:

  • 1600 нэгж Stinger нисэх онгоцны эсрэг пуужингийн систем;
  • 8500 нэгж Javelin хуяг танк эсэргүүцэх систем;
  • 48000 ширхэг хуяг нэвтлэгч сум хэрэгсэл;
  • 700 нэгж Switchblade тактикийн нисгэгчгүй агаарын систем;
  • 160 нэгж 155 мм-ийн гаубиц 1074000 сумны хамт;
  • 155 мм-ийн их бууны 5200 ширхэг удирдлагатай сум;
  • 155 мм-ийн Raam системийн 10200 ширхэг хуяг нэвтлэгч сум;
  • 125 мм-ийн 100000 ширхэг танкийн сум;
  • 152 мм-ийн их бууны 45000 ширхэг сум;
  • 122 мм-ийн их бууны 20000 ширхэг сум;
  • 122 мм-ийн GRAD системийн 50000 пуужин;
  • 72 нэгж 105 мм-ийн гаубиц 275000 сумны хамт;
  • 276 нэгж зэвсэг чирэх зориулалттай тактикийн машин;
  • 22 нэгж тоног төхөөрөмжийг сэргээх тактикийн машин;
  • 18 нэгж сум галт хэрэгсэл дэмжих машин;
  • 38 нэгж өндөр хөдөлгөөнт пуужинт артиллерийн Himars систем, галт хэрэгсэлийн хамт;
  • 30 нэгж 120 мм-ийн огнемёт 155000 ширхэг сумны хамт;
  • 10 нэгж 82 мм-ийн миномёт;
  • 10 нэгж 60 мм-ийн миномёт;
  • 2000 ширхэг оптик тохиргоотой, утсаар чиглүүлдэг TOW пуужин;
  • 25 мм-ийн 250000 сум;
  • Команд штабын 4 машин;
  • Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем;
  • 8 нэгж газар-агаар ангиллын Nasams пуужингийн систем;
  • Агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан Hawk пуужин;
  • Агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай RIM-7 пуужин;
  • 4 нэгж агаарын довтолгооноос хамгаалах Avenger систем;
  • Өндөр хурдны цацрагийн эсрэг Harm пуужин;
  • Өндөр нарийвчлалтай агаарын сум галт хэрэгсэл;
  • 4000 нэгж Zuni нисэх онгоцны пуужин;
  • 20 нэгж Ми-17 нисдэг тэрэг;
  • 45 нэгж Т-72Б танк;
  • 50 нэгж явган цэргийн байлдааны Брэдли машин;
  • 1300 нэгж өндөр хөдөлгөөнт олон зориулалт HMMWVs дугуйт тээврийн хэрэгсэл;
  • 100 тактикийн хөнгөн машин;
  • 44 нэгж хүнд даацын техникийг тээвэрлэх зориулалттай ачааны автомашин, 88 чиргүүл;
  • 300 нэгж M113 хуягт тээвэрлэгч;
  • 250 нэгж M1117 хамгаалалтын хуягт машин;
  • 527 нэгж минад тэсвэртэй отолтоос хамгаалагдсан MRAP машин;
  • 6 нэгж ашиглалтын зориулалттай хуягт машин;
  • Мина цэвэрлэх төхөөрөмж, систем;
  • 13000 гранатомёт;
  • Жижиг зэвсэглэл 108000000 сумны хамт;
  • 75000 хуяг, дуулга;
  • 1800 Phoenix Ghost тактикийн нисгэгчгүй агаарын систем;
  • Лазерын удирдлагатай пуужингийн систем;
  • Puma нисгэгчгүй агаарын систем;
  • 15 нэгж Scan Eagle нисгэгчгүй агаарын систем;
  • 2 нэгж нисгэгчгүй нисэх системд зориулсан радар;
  • Эргийн хамгаалалтын нисгэгчгүй хөлөг онгоц;
  • 50 нэгж их бууны эсрэг радар;
  • 4 нэгж миномётын эсрэг радар;
  • 20 нэгж олон үүрэгт радар;
  • Нисгэгчгүй нисэхийн хэрэгсэлийн эсрэг систем, тоног төхөөрөмж;
  • 10 нэгж агаарын хяналтын радар;
  • 2 нэгж эргийн хамгаалалтын Harpoon систем;
  • 58 далайн эрэг, голын эргүүлийн завь;
  • M18A1 Claymore явган цэргийн мина;
  • Тэсрэх бодис, хаягдал зэвсэглэл устгах төхөөрөмж;
  • Инженерийн саад тогтоох төхөөрөмж;
  • Тактикийн нууцлалтай холбооны систем;
  • 4 нэгж хиймэл дагуулын холбооны антен;
  • SATCOM сансрын холбооны терминал үйлчилгээ;
  • Олон мянган шөнийн харааны төхөөрөмж, хяналтын систем, оптик хэрэгсэл, лазерын зай хэмжигч;
  • Сансрын хиймэл дагуулын зургийн арилжааны үйлчилгээ;
  • Тэсрэх бодис устгах төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл;
  • Хими биологи цацраг цөмийн хамгаалалтын хэрэгсэл;
  • 100 нэгж эмнэлгийн хуягт машин;
  • 350 цахилгаан үүсгүүр генератор;
  • Эмнэлгийн анхны тусламжийн иж бүрдэл, боолт, монитор, бусад хэрэгсэл;
  • Радио-электрон тэмцлийн төхөөрөмж;
  • Хээрийн болон халаах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
  • Сургалт, засвар үйлчилгээ, тэтгэмжийн санхүүжилт зэрэг багтаж байна. Эх сурвалж https://iss.gov.mn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *