Уулзалтын үеэр, баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын дадлага сургуулийн талаар санал солилцлоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, энэ удаагийн дадлага сургуулийн нээлтийн ажиллагаанд анх удаа Монгол Улсын Шадар сайд биечлэн оролцсон болон сургалтын хөтөлбөрт уулнаас болон уснаас эрэн хайх, аврах дадлага сургууль, эрэлч нохойн сургалтууд нэмэгдсэн нь онцлог байгааг тэмдэглээд, дадлага сургуулийн оролцогч болон олон улсын ажиглагч улс орнууд жил ирэх тусам нэмэгдэж, хүрээгээ тэлж байгааг онцлов.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль 06 дугаар сарын 08-ныг дуустал үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.