Categories
мэдээ нийгэм

АНУ дахь монголчууд бизнес зөвлөл байгуулна DNN.mn

зурагМонгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр бизнес эрхлэгч монгол иргэдийн дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөх, бизнесийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор Бизнесийн зөвлөл байгуулахаар тохиролцсоны дагуу тус зөвлөлийн Чикаго орчмын салбарыг зохион байгуулах анхны хурал Консулын газарт энэ сарын 3-ны өдөр боллоо.

Уулзалтыг нээж Консул Т.Батцэцэг хэлэхдээ Чикаго хотод бизнес эрхэлж буй иргэд үйл ажиллагааны уялдаагаа сайжруулж, илүү ойр дотно хамтран ажиллахыг хүслээ. Консулын газрын зүгээс цаашид дэмжиж ажиллах тул Бизнес зөвлөлийн салбар байгуулах анхны уулзалтыг Консулын газартаа зохион байгуулж буйг онцлов.

МҮХАҮТ-ын АНУ дахь төлөөлөгч У.Зоригтбаатар бизнесийн зөвлөлийн зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулав. Бизнесийн зөвлөл гишүүд болон бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг сонирхлыг төлөөлөх, жижиг дунд стартап бизнесүүдийг хөхиүлэн дэмжинэ.

Энэ удаагийн уулзалтаар Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлд Чикаго орчмын бизнес эрхлэгчдийг төлөөлж ажиллах төлөөллийг сонгов. Үүний зэрэгцээ Чикаго орчмын салбар зөвлөл, түүний удирдлагыг бизнесийн илүү өргөн салбарын төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулах замаар сонгох нь зүйтэй гэж тохиролцсоны дагуу ирэх 7 хоногт дахин уулзалт зохион байгуулж хэлэлцэхээр тогтов гэж Чикаго дахь Консулын газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *