АНУ-ын өмнөд бүсэд их хэмжээний аадар бороо орсноос үеийн гамшиг нүүрлээд байна. Тус улсын Луизиана, Оклахома, Арканзас болон Миссисипи, Теннесси, Техас муж улс үерт нэрвэгджээ. Эдгээрээс Луизиана муж улсад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тус муж улсын захирагч захиргааны хэд хэдэн дүүрэгтээ онц байдал зарласны зэрэгцээ аврах ажиллагаанд туслуулах нэмэлт баг томилжээ.
Үерийн улмаас Луизиана муж улсад одоогийн байдлаар гурван хүн амь үрэгдсэн байна. Мөн их хэмжээний уснаас үүдэн даацаа дийлэлгүй нэг гүүр нуржээ. Луизиана муж улсын засаг захиргаа үерт нэрвэгдсэн бүс нутагт нийт 3500 айлыг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлж, томоохон хурдны замуудыг түр хугацаагаар хаасан байна. Одоогоор 80 гаруй айлын байшин усанд автсан мэдээ байгаа юм. Мөн Оклахома, Миссисипи мужуудад хүний амь үрэгджээ.Ийнхүү гэнэт орсон их хэмжээний аадар борооноос үүдэн үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Зарим бүс нутагт унасан хур тунадасны хэмжээ 50 см-т хүрсэн мэдээ байгаа юм. Цаг уурын урьдчилсан мэдээгээр аадар бороо цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна.