Categories
мэдээ цаг-үе

АНУ-д Морин хуурын наадам болно

Ирэх гуравдугаар сард АНУ-ын Мичиган мужид Монгол соёлын нэг томоохон үйл ажиллагаа болох гэж байна. АНУ-д амьдарч байгаа монгол хөгжимчид, монгол соёл урлагтаа элэгтэй залуус, Америкийн монгол судлаач нар хамтран “Морин хуурын наадам” зохион байгуулахаар санаачилжээ. Наадмыг зохион байгуулагчдын нэг Миччиганы Их Сургуулийн дэргэдэх Монгол Соёлын Байгууллагын зөвлөх, Сиско Систэмс (Cisco Systems) компанийн программ хангамжийн аюулгүй байдлын инженер Г.Эрдэнэбаттай ярилцав.


-Морин хуурын наадам АНУ-д зохиох гэж байгаа талаар сонслоо. Ямар хүмүүс энэ арга хэмжээг санаачлав. АНУ-д Морин хуурын наадам зохиохын ач холбогдол юу вэ?

-Тийм ээ. Энэ наадмын маань албан ёсны нэр нь Америк дахь Морин Хуурын Анхдугаар Наадам. Өөрөөр хэлбэл, Америк оронд морин хуурыг мэддэг, сонирхдог, судалдаг хүмүүсийг нэг дор цуглуулахыг зорьсон хэн бүхэнд нээлттэй наадам юм. Энэ наадмыг Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны хийж бүтээсний үр шим, үргэлжлэл ч гэж хэлж болох бүрэн үндэстэй. Учир юу гэвэл Морин хуурын чуулгын дэргэд “Хуурчийнхан” гэж сургалтын төв байдаг. Энэ төвийн АНУ дахь салбарыг Сиэттл хотод ажиллаж амьдардаг, Ц.Батчулуун агсны отгон шавь Г.Уртнасан санаачилж, манай Монгол Соёлын Байгууллага ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж байна.

Та ач холбогдлын тухай асуулаа. Дэлгэрүүлж яривал олон чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй болох байх л даа. Тиймээс би таны энэ асуултад товчхон хариулахыг хичээе. Өргөн утгаараа Монгол үндэстний нэгдмэл чанар гэвэл бидэнд хэл, соёл, түүх гурав л бий гэхэд буруудахгүй байх. Үүнээс улбаалаад Монгол соёлын гол цөмүүдийн нэг нь гэвэл яах аргагүй морин хуурыг нэрлэхээс өөр аргагүй. Иймд зохион байгуулагчдын хувьд энэ наадмын ач холбогдлыг хоёр талаас харж байгаа.

Нэгд, АНУ-д амьдарч буй монгол соёлоосоо сурч мэдэхийг хүссэн шинэ залуу үеийнхэн болон ажиллаж амьдарч буй монголчуудад тийм боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой. Хоёрдугаарт, мэргэжлийн талаасаа морин хуурын цаашдын хөгжил, өөрөөр хэлбэл морин хуурыг АНУ-д хэрхэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, өнөөгийн тулгарч буй асуудлууд гээд олон сэдвээр хэлэлцэж ярилцах боломжийг олгох юм.

Наадмын зар гарсан цагаас хойш олон мэргэжлийн болон мэргэжлийн бус хуурчид, морин хуурт сонирхолтой, Монгол соёлоо хүндэлж хайрладаг олон хүмүүс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр бүү хэл хилийн чанадаас ч ирж оролцож болох уу, оролцмоор байна гэсэн асуулт, хүсэлтүүд олноор ирсэн. Үнэхээр морин хуурт зориулсан арга хэмжээ АНУ-д зохиогдох цаг нь ч болсон байх л даа. Манай Монгол Соёлын Байгууллага үндсэндээ Мичиганы Их Сургууль болон Мичиганы бусад сургуулиудад суралцдаг оюутнуудаас бүрддэг юм. Оюутан залуус маань Мичиганд ажиллаж амьдардаг ах эгч нартайгаа нийлээд морин хуурын анхны наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө үнэхээр завгүй ажиллаж байна.

-Наадмын үеэр ямар ямар арга хэмжээ болох вэ?

-Наадмын үеэр эрдэм шинжилгээний илтгэл, морин хуур сонирхогчдын уралдаан, морин хуурын хичээл, хэлэлцүүлэг, морин хуурын сургалтын төвүүдийн сурагчдын тоглолт, АНУ-д ажиллаж амьдардаг мэргэжлийн морин хуурчдын концерт гээд олон арга хэмжээнүүд болно. Онцолж хэлэхэд ихэнх илтгэгч маань АНУ-ын их дээд сургуулиудын хөгжим судлаачид. Мөн гадны мэргэжлийн удирдаач, хөгжимчид ирж хэлэлцүүлэг болон уралдаанд оролцоно. Эдгээрээс АНУ-ын хөгжмийн мэргэжилтнүүд морин хуурыг хэрхэн, юу гэж дүгнэж байгаа, цаашид бид яах нь зүйтэй вэ зэрэг сэдвийн хүрээнд олон сонирхолтой санал санаачилга, яриа өрнөх нь дамжиггүй.

-Их том цогц үйл ажиллагаа болох юм байна. Мэдээж хөрөнгө мөнгө их гарах байх. Хаанаас ивээн тэтгэж санхүүжүүлж байгаа вэ?

-Монгол Соёлын Байгууллага маань төрийн болон ашгийн бус байгууллага учир мэдээж хөрөнгө мөнгөний бэрхшээл гарч байгаа. Бид одоогоор наадмынхаа Face­book хуудсанд GoFund Meхандивын аян явуулж байна. Энэ хандивын аянаар цугласан мөнгө морин хуурын наадамд зориулагдах юм. Тиймээс морин хуурын наадмын үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй хэн бүхнийг www.facebook.com/morin.khuur.festival хаягаар орж монгол соёлынхоо төлөө хандив өргөөрэй гэж хүсье. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Мөн АНУ дахь Морин Хуурын Анхдугаар наадмыг ивээн тэтгэхийг хүссэн хувь хүмүүс болон албан байгууллагууд бидэнтэй өмнө дурдсан Facebook хуудсаар эсвэл morin.khuur.festi­val@gmail.com хаягаар холбогдож мэргэжлийн хуурчдын концертын зар, танилцуулга болон наадмын зурагт хуудсан дээр өөрсдийн логогоо хэвлүүлж болох юм шүү.

-Ер нь монголчууд зөвхөн АНУ гэлтгүй, гадаад улсад олноор суурьших болсоор удаж байна. Тэр хүмүүст юу зөвлөхсөн бол?

-Миний хувьд зөвлөх гэхээсээ илүү уриалах нь зохистой болов уу гэж бодож байна. Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд маань харьцуулах баримжаатай болоод ирэхээр өөрсдийгөө шинээр нээж Монголынхоо болж бүтэж буй сайн сайхан болон урагш ахиц муутай саар зүйлсийг ч гярхай ажиглаж, илүү сэтгэл зовниж хүлээж авдаг юм шиг санагддаг. Магадгүй тийм ч учраас монгол хүнийхээ үнэ цэнийг арай өөрөөр мэдэрдэг байж болох юм. Харин мянга мянган жилийн цагийн шалгуурт тунаж үлдсэн энэ яндашгүй арвин мэдлэг, цэгнэшгүй их үнэ цэнийг амьд байлгахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй тул монгол хэл соёлоо үр хүүхдүүддээ дамжуулахын төлөө дор бүрнээ хичээцгээгээрэй гэж уриалъя. Баярлалаа.

За баярлалаа. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье!

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *