Categories
гадаад мэдээ

АНУ-д буун дуу гарч, 50 хүн амиа алджээ

АНУ-ын Лас-Вегас хотын казиногийн ойролцоо өнгөрсөн ням гаригт кантри хөгжмийн наадам болжээ. Энэ үеэр зэвсэгт этгээд олны хэсэг рүү гал нээсэн байна. Халдлага орон нутгийн цагаар 22.30 цагийн орчим болж, 50 хүн амиа алджээ. Мөн 400 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэв. Уг хэргийг 64 настай Стефен Паддок гэгч үйлдсэн байна. Гэмт этгээд Мандалэй Бэй зочид буудлын 32 давхраас хүмүүс рүү гал нээжээ. Цагдаа нар зочид буудал руу дайран орж, зэвсэгт этгээдийг хөнөөсөн гэж мэдээлж байв. Гэвч хамгийн сүүлийн мэдээгээр гэмт этгээд цагдаа нар ирэхээс өмнө өөрийгөө егүүтгэсэн байжээ. Лас-Вегас хотноо болсон эмгэнэлт явдлыг АНУ-ын шинэ үеийн түүхэнд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг боллоо гэв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, нэрт дуучид Селин Дион, Мэрай Кэри зэрэг олон хүн эмгэнэл илэрхийлжээ.

Хамгийн сүүлд 2016 онд Флорида муж улсын Орландо хотноо байрлах Pulse хэмээх ижил хүйстнүүдийн цуглардаг газарт халдлага болж байжээ. Тус халдлагад 49 хүн амиа алдаж, 53 хүн шархадсан нь хамгийн том халдлагад тооцогдож байв. Энэ удаагийн халдлагыг үйлдсэн Стефен Паддок өмнө нь хууль сахиулагчдын хараанд өртөж байгаагүй аж. Мөн байлдааны ажиллагаанд оролцож байгаагүйг цагдаа нар онцолжээ. Тэрбээр уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байв. Гэвч дараа нь Мэрил Данли гэгч эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Учир нь буун дуун гарахаас өмнө ази гаралтай гэх эмэгтэй хэргийн газрын орчим байсан нь камерт бичигдсэн байж. Хэргийг мөрдөх ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо нэгджээ. Гэмт этгээд яагаад гал нээх болсон шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *