АНУ, Өмнөд Солонгосын “Сэрэмжтэй шуурга” цэргийн хамтарсан хээрийн сургуулилт өчигдөр буюу аравдугаар сарын 31-нээс тав хоногийн хугацаатай эхэллээ.
Хамтарсан сургуулилт нь оролцогч талуудын агаарын нэгдсэн ажиллагааны болон тактикийн чадавхыг нэмэгдүүлэх, холбоотнуудын хамтарсан хамгаалалтын байр суурийг бэхжүүлэх зорилготой бөгөөд сургуулилтад Өмнөд Солонгосын 140, Америкийн 100 байлдааны нисэх онгоц буюу нийтдээ 240 орчим онгоц оролцож, тэдгээр нь 1600 байлдааны нислэг үйлдэх төлөвтэй байна.
Сургуулилтад Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний “F-35A” үл үзэгдэгч, “F-15K”, “KF-16” сөнөөгч, Америкийн “F-35B” олон үүрэгт байлдааны онгоц, “EA-18G”, “U-2” тагнуулын онгоцнуудаас гадна Австралийн Агаарын цэргийн хүчний “KC-30А” олон үүрэгт тээврийн зориулалттай цэнэглэгч онгоц, Японы Ивакуни агаарын баазаас АНУ-ын Тэнгисийн цэргийн “F-35B” үл үзэгдэгч сөнөөгч онгоц анх удаагаа оролцож байгаагаараа онцлог юм.
Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин, АНУ-ын Агаарын цэргийн долоодугаар хүчин сургуулилтад оролцохоос гадна, Америкийн тэнгисийн явган цэрэг, тэнгисийн цэргийн болон хуурай замын хүчний цэргүүд оролцож, Солонгосын Агаар-сансрын ажиллагааны төв сургуулилтыг удирдан явуулж байна.
Сургуулилтын үе шатанд Умардаас ирэх аюул заналхийллийг бууруулах, агаарын дэмжлэг, хамгаалалт, яаралтай ажиллагаа зэрэг агаарын томоохон үүрэг даалгаврыг 24 цагаар гүйцэтгэх бол газар дээрх туслах хүчнийхэн довтолгооны үед баазын хамгаалалтын арга барил, амьд үлдэх чадварт суралцаж, хамтарсан хүчний дайны үеийн чадавхыг сайжруулахаар төлөвлөж байна.
Умард Солонгосын хэвлэлийн төлөөлөгч хамтарсан сургуулилтыг эрс шүүмжилж, Солонгосын хойг дахь өнөөгийн хурцадмал байдал нь АНУ-ын Умард Солонгост чиглэсэн дайсагнасан бодлого болон Өмнөдийн Ерөнхийлөгч Юн Сук Ёолын засаг захиргааны Пхеньянтай сөргөлдөх бодлогын хослолтой холбоотой хэмээн мэдэгдэж байна.
Тус сургуулилт АНУ-д энэ сарын 8-нд болох завсрын сонгууль, Вашингтонд энэ долоо хоногийн пүрэв гарагт эхлэх Америк-Өмнөд Солонгосын Аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын өмнөхөн болж байгаа зэрэг нь сургуулилтын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: iss.gov.mn