Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ: Бээжингийн өвлийн олимпийг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа удахгүй болох 2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэл үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, АНУ-ын засаг захиргаа БНХАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг харгалзан өвлийн наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэлээ гэжээ.

Гэхдээ АНУ-ын баг тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцох юм. Энэ талаар Ж.Псаки, “Бид Америкийн баг тамирчдаа бүх талаар дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Ж.Байден Хятадад хүний эрх зөрчигдөж буйг, тэр дундаа Шинжаанд лалын шашинт уйгаруудыг саатуулж, Хонконгт ардчиллыг дэмжигч хүчнүүдэд шахалт үзүүлж байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж байгаа тул Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Даваа гарагт Цагаан ордны мэдэгдэл гарахаас өмнө Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхийг Ж.Байденаас шаардаж байгаа АНУ-ын хууль тогтоогчдыг “олны анхаарлыг татахаас өөр зорилгогүй” гэж буруутгажээ. Хэрэв Вашингтон энэ алхмаа бодитоор хэрэгжүүлбэл Бээжин “хариу арга хэмжээ” авах болно гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

Бээжингийн өвлийн Олимпын наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *