Categories
гадаад мэдээ

АНУ Афганистанд үзүүлж буй эдийн засаг, дипломат дэмжлэгээ үргэлжлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганиг “Цагаан ордон”-д хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Афганаас АНУ-ын цэрэг гарсны дараа энх тайван, тогтвортой байдал тогтооход нь Афганистаныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Цагаан ордны тэргүүн Афган руу чиглэсэн АНУ-ын дипломат болон эдийн засгийн дэмжлэг өөрчлөгдөхгүй үргэлжилнэ. Харин Афганчууд ирээдүйгээ өөрсдөө бие дааж шийдвэрлэх ёстой гэдгийг онцолжээ.

Харин Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани зөвхөн цэрэг армийн хамтын ажиллагаанд бус хоёр талын ашиг сонирхолд тулгуурлаж байдаг Афган, Америкийн харилцаанд шинэ үе ирлээ гэж мэдэгджээ.

Афганы Ерөнхийлөгч мөн Америкийн Батлан хамгаалахын сайд болон бусад эрх баригчидтай тус тусын уулзалт хэлэлцээ хийжээ.

Энэ оны эхээр Жо Байден алан хядагчид АНУ-д террорист халдлага үйлдсэний 20 жил буюу 9-р сарын 11-нээс өмнө цэргээ Афганистанаас бүрэн гаргана гэдгээ зарласан юм.

Энэ шийдвэрийн дагуу тавдугаар сараас хойш Афган дахь Америкийн цэрэг тодорхой үе шаттайгаар гарсаар байна. Харин Америкийн зэвсэгт хүчний гол бүрэлдэхүүн гарсны дараа Америкийн 650 орчим цэрэг Афган дахь дипломатуудын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, үлдэх юм байна.

Мөн есдүгээр сар хүртэл Кабулын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахад Америкийн тодорхой тооны цэрэг үлдэж ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, Кабулын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах үүргийг Турк улс албан ёсоор хүлээн авах хүртэл Америкийн цэрэг үүрэг гүйцэтгэх аж.

АНУ 2001 онд Афганд терроризмын эсрэг дайн эхлүүлснээс хойш Америкийн 2400 гаруй цэрэг амь үрэгдэж, 20 гаруй мянган цэрэг шархаджээ. Харин Афганистаны талаас 66 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн байна.

Америкийн цэрэг гарч эхэлснээс хойш Талибан хөдөлгөөний хяналтдаа байлгадаг газар нутгийн хэмжээ нэмэгдэж, Афган дахь “Исламын улс” бүлэглэлийн салбар бүлэглэл халдлага, дайралтаа нэмэгдүүлсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *