Өчигдрөөс эхлэн Португалийн Ерөнхий сайд
асан Антониу Гутерришийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг
хаших хугацааг албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр ирэх таван жилийн турш
дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагыг удирдах юм.
Түүнийг дүрвэгч цагаачдын хямрал,
ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай
асуудал гэх мэт олон улсын өмнө шийдэгдээгүй үлдсэн хүндхэн сорилтууд
хүлээж байна. Тэрбээр энэ бүхнийг шийдэхийн төлөө ажиллана.
Гэхдээ хамгийн түрүүнд нийгмийн хамгийн
сул дорой, эмзэг бүлгүүд рүү чиглэсэн ажлыг хийх болно гэдгээ мэдэгдээд
байгаа юм. Гутерришийн хийж хэрэгжүүлэх ажил АНУ-ын шинэ төрийн тэргүүн
Дональд Трампийн засаг захиргаанаас ирэх хүндхэн сорилтуудтай тулгарч
болзошгүй байгааг ч ажиглагчид энэ зуур сануулж байна.
Учир нь Трамп хууль бус цагаачдыг эх
орноосоо хөөн гаргаж, урд хил дээрээ хана босгоно гэж мэдэгдсэн. Мөн
НҮБ-ын хамгийн их анхаарал хандуулдаг асуудал болох уур амьсгалын
өөрчлөлтөд Трампийн засаг захиргаа эргэлзсэн байр сууринаас хандаж
байгаа. Хэрвээ Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох АНУ
НҮБ-ын үйл ажиллагааг дэмжихгүй бол тус байгууллагын нийт төсвийн 20
гаруй хувь нь хүндхэн байдалд хүрэх эрсдэлтэй юм.