Categories
мэдээ нийгэм

Антибиотикийн замбараагүй хэрэглээ эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт хортой нөлөөлж байна

Антибиотикийг замбараагүй хэрэглэсээр байвал ирээдүйд хүний амь насанд эрсдэл үүсэх талаар эмч мэргэжилтнүүд сануулав.

Эрүүл мэнд, спортын яамны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг ийнхүү ярьж байна.

-Эрүүл мэндийн сайдын 447 дугаар тушаалаар “Антибиотикийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги” хэрэгжүүлж байна. Стратегийн гол зорилго эмч, эм зүйч, антибиотикийн зохистой хэрэглээнд хяналт тавих, антибиотикийн чанар аюулгүй байдалд хяналт тавих, антибиотикийг зөвхөн эмчийн бичсэн жороор, эмчийн хяналтад хэрэглэх, эмч, иргэд, эм зүйч нарын хамтын ажиллагааг сайжруулах юм. ДЭМБ-аас нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээний хүрээнд ДЭМБ-ын зөвлөх Монголд уригдан ирж, манай нийт эмнэлгийн мэргэжилтнүүд, эм зүйч нарт антибиотикийн хэрэглээний мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Мөн Монгол Улсын Үндэсний лавлагаа лаборатори “Эм био бэлдмэлийн лаборатори нь ISO 17025 стандартын шаардлага хангасан олон улсын итгэмжлэл авснаар Монгол Улсад импортоор орж ирж байгаа болон үндэсний антибиотик эмийн чанар аюулгүй байдлыг олон улсын түвшинд шинжлэх боломжтой боллоо. Антибиотикийн мэдрэг чанарыг шинжилж судлахгүйгээр антибиотикийг эмчилгээнд хэрэглэсэн эмч, антибиотик эмийг жоргүйгээр олгосон эм зүйч, эмийн сангийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах, хариуцлагын механизмыг сайжруулах, эрчимжүүлэх үүднээс “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулна. Иргэд эмийг дур мэдэн замбараагүй хэрэглэснээс болж, антибиотикийн хэрэглээ өсч, антибиотикийн гаж нөлөө ихэсч байна. Ингэснээр нян антибиотикт тэсвэртэй болж байна. Антибиотик замбараагүй хэрэглэснээр тухайн хүнд санхүүгийн дарамттай, эмнэлгийн эдийн засаг эмчилгээнд хүндрэл үүсдэг. Иргэд вирусийн гаралтай ханиад томууны үед антибиотик хэрэглэхгүй. Зөвхөн эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд уух хэрэгтэй. Дутуу хаяснаас болж тухайн антибиотикт тэсвэртэй болж, дараагийн эмчилгээнд хүндрэл учирна.

Эмч тухайн хүнд антибиотикийн идэвхийг тодорхойлох шинжилгээ бичиж өгнө. Мэдрэгээ шинжлүүлсний үндсэн дээр тухайн хүн ямар антибиотик уух ёстойг эмч бичиж өгнө. Антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлуулахгүй дур мэдэн хэрэглэснээс эмийн дасал болж байна. Манай нийт төсвийн 50 хувийг эм эзэлдэг. 20 орчим хувийг антибиотик эзэлдэг гэв.

2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа бүх антибиотикт дасалтай нянгууд бий болно

Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн захирал Ч.БатЭрдэнэ:

-Эмийг буруу хэрэглэвэл хор болно. Нянгийн эсрэг эмүүд асар үнэтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн, сайн үйлчилгээтэй эм байх тусмаа үнэтэй. Хүмүүс хамгийн сайныг нь хэрэглээд, хурдан эдгэчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хамгийн хүчтэй эмэнд дасал үүсгэчихвэл эргээд ямар ч эмэнд эмчлэгдэхгүй байх аюултай. Эмийг зөв хэрэглэхийн тулд эмч нарт, эм зүйчдэд хандсан сургалт хийх ёстой. Иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ёстой. Эмийн зааврыг монгол хэлээр хэвлүүлж хүмүүст зөв ойлголт өгье. Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байна. Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлээч. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно. Антибиотик дархлааг алга болгодог шүү гэв.

Жоргүй эм олгосон эмийн санг хаана

ЭМСЯны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс тодруулав.

Эмийг жоргүй олгож байна. Эмийн санч нь зөвлөгөө өгөөдЭнэ ханиаданд ийм эм уувал зүгээргээд эмээ зарчихдаг. Ийм байдлыг хэзээ цэгцлэх вэ?

-“Эм эмнэлгийн хэрэгслийн хуулийг” шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барих гэж байгаа. Жоргүй эм олгосон тохиолдолд тухайн эм зүйчийн эм барих эрхийг түдгэлзүүлэх, эмийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх механизмыг тусгаж байгаа.

Эмийн тайлбар санамжийг монгол хэлээр хөрвүүлэх нь эмийн зохистой хэрэглээнд сайн нөлөөтэй. Хэзээ эмийн тайлбар монгол болох вэ?

-“Эм эмнэлгийн хэрэгслийн хууль”тогтоомж холбогдох дүрэм журамд эмийн заавар монгол хэлээр байна гэж заасан. Энэ заалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Анх Монгол Улсад 1997 оноос эм бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй эм бүртгэгдсэн. Энэ жил 1000 орчим эмийн зааврыг монгол болгоно гэх мэтээр үе шаттайгаар ажиллаж байна.

Эмийн үнэшилэн түрийвч”-тэй болно

Антибиотикт дасал үүссэн байдлыг Монголд хэр судалсан тухай лавлахадЭмийн салбарын ил тод байдлын түншлэлтөрийн бус байгууллагын тэргүүн О.Батбаяр сүрьеэгийн эмийн жишээн дээр тайлбарлав.

-Антибиотик эмийн дасал үүсэх аюултай тулгараад байгаа салбар бол сүрьеэ. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тоог бодитой гаргаж чаддаг. Сүүлийн таван жилд эмэнд дасалтай сүрьеэ 150-400 болтлоо өсч байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн хүмүүс хоёр жилийн турш маш хүчтэй химийн эмчилгээтэй төстэй 6000-10000 долларын өртөгтэй эм хэрэглэхэд хүрч байгаа. Зохисгүй хэрэглээ амь насанд эрсдэл үүсгэнэ. 2040 онд бид настай болоод өвдгөндөө хагалгаа хийлгэх гэхээр үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик байхгүй болох эрсдэл бий гэнэ.

Эмийн үнэд хяналт тавих асуудлаар түүнээс тодрууллаа.

Арван эмнэлгийн эм худалдан авсан байдлыг судлахад нэг эмийг арван өөр үнээр авсан дүн гарсан байсан. Яг адилхан эм эмийн сангуудад өөр өөр үнэтэй байгаа талаар иргэд ч гомдоллодог. Энэ байдлыг эрүүлжүүлэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Эмийн салбарын ил тод байдлын түншлэл яагаад байгуулсан гэхээр үүнтэй холбоотой. Бусад орнууд ч бас энэ замаар явсан байдаг. Таны яриад байгаа арван эмнэлгийн эм худалдаж авсан байдлыг ил тод болгочихоор хэн нь үнэтэй эм худалдаж аваад байна. Хэн нь хямд худалдаж авч байгаа нь тодорхой болно. Хоёрдугаарт “Хямд үнийн хууль” гэж баталдаг. Гол зорилго нь эмийг хямд байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Татварын зохицуулалт хийж өгдөг. Эмийг байнга хэрэглэж, эдийн засгийн хохирол амсч байгаа бүлэг тухайлбал бөөрний гемодиализийн аппаратад ордог хүмүүс, даралт, зүрхний эм байнга хэрэглэгчдийн дуу хоолойг бид гаргаж ирнэ. Эмийн компаниудтай хамтарч ажиллана. Иргэдээ санхүүгийн дарамтаас гаргахад дэмжлэгүүд байх учиртай. Энэ чиглэлээр судалгаа хийж, хууль боловсруулах, бодлого журам гаргахаар зорьж байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *