Categories
мэдээ нийгэм

Антибиотикийн гаж нөлөөнөөс болж амиа алдах эрсдэлтэй

Иргэд ханиад томуу зэрэг өвчин туссан тохиолдолд өөрсдийн дур мэдэн эмийн сангаас антибиотик авч хэрэглэх тохиолдол их байдаг. Зөвхөн ханиад томуу ч гэлтгүй өөр хөнгөн хэлбэрийн өвчин туссан ч эмчид очих шаардлагагүй гэх хүмүүс ч цөөнгүй. Гэтэл антибиотикийг дур мэдэн хэрэглэснээр түүний гаж нөлөө тохиолдох эрсдэл сүүлийн үед ихэсчээ. Антибиотикийн гаж нөлөө нь нэг эсвэл хэд хэдэн эрхтэн системийг хамран явагддаг. Үүний үр дүнд толгой өвдөх, тууралт гарах, дотор муухайрах хүнд тохиолдолд амь насанд хүрэх ч аюултай гэнэ. Хойд Америкт хийсэн судалгаагаар “бетта-лактамт” бүтэцтэй антибиотикууд хамгийн их гаж нөлөө илэрдэг гэж гарчээ. Энэ нь бидний сайн мэдэх амоксиллин, ампиуиллин, цефазолин зэрэг эмнүүдэд ихээр агуулагддаг байна.

Үүнээс гадна эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх нь дэлхий дахины тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа. Нянгийн тэсвэржилт гэдэг нь антибиотикт дасал болох өөрөөр хэлбэл антибиотик түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болно гэсэн үг. АНУ-д жил бүр хоёр сая гаруй хүн олон эмэнд дасалтай нянд өртөж, түүнээс багадаа 23000 хүн нас барж байна гэсэн тооцоог Америкийн өвчлөлийг хянах төвөөс гаргажээ. Манай улсад үүнтэй ижил төрлийн судалгаа байдаггүй байна. Харин Монголд эмнийхээ 80 хувийг импортоор авдаг. Үүнээс 30 хувь нь нянгийн тэсвэржилттэй эм байна гэсэн судалгааг гурван жилийн турш хийжээ.

Энэ мэтчилэн эмийн буруу хэрэглээ, антибиотикийн гаж нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд иргэд эмчид хандах, эмч эмийн зөв зохистой жор олгох, эмийн сангууд эмчийн бичигтэй иргэдэд үйлчлэх зэрэг эрүүл тогтолцоог бий болгох хэрэгтэй.

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-аас “Антибиотикийн талаархи мэдлэгийг сайжруулах дэлхийн долоо хоног”-ийг 11 сарын 14-21 өдрүүдэд зарласан байна. Үүнийг угтан ЭМЯ болон “Улсын хоёрдугаар эмнэлэг” хамтран “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” уриа бүхий компанит ажлыг өнөөдрөөс эхлэн 11 сарын 30 хүртэл зохион байгуулах гэж байна. Энэ тухай “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийн захирал Г.Баясгалан хэлэхдээ “1940 онд антибиотикийг анх нээж олоод бараг бүхий л өвчнийг анагаах боломжтой гэж үзэж байсан ч тийм биш. Харин ч буруу хэрэглэснээс өвчин үүсэх эхлэл болоод байна. Иймээс иргэд ч гэлтгүй эмч нарыг ч бас эмийн жороо зөв өгөх тал дээр сургалт зохион байгуулах удирдамж гараад байгаа. Харин иргэд дуртай үедээ дурын антибиотик авч хэрэглэхгүй байхад занших хэрэгтэй. Заавал мэргэжлийн хүнээс асууж байж эмчилгээгээ эхнээс нь дуустал хийлгэх маш чухал гэдгийг ойлгуулах үүднээс мэдээлэл өгнө” гэлээ.

Тус аяны хүрээнд эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, эм зүйч, иргэд, оюутан залуучуудын эмийн зохистой хэрэглээний мэдлэг хандлагыг сайжруулах, цаашлаад антибиотикийн зохистой хэрэлээг төлөвшүүлэх зорилгийн дор ажиллах гэнэ. Аяны хүрээнд зохион байгуулах ажлуудыг дурдвал, иргэдэд зориулсан “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийг Нарантуул худалдааны төв болон ШУТИС дээр зохион байгуулах, бүх шатны эмнэлэгүүдэд “Антибиотикийг жороор бичиж, олгох хариуцлагыг дээшлүүлье” гэсэн уриан дор багц сургалт явуулах, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Антибиотикийн талаар иргэдэд олгох боловсрол” гэсэн сэдвийн дор богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Бүх их дээд сургуулиуд болон коллежуудад эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах тал дээр ажиллаж байгаа тухайгаа МОХ-ны ТУЗ-ийн гишүүн Т.Ган-эрдэнэ хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *