Мөсөн уулын тасрах үйл явц
Larsen C нь Антарктид тивийн эх газарт бэхлэгдсэн дөрөв дэх том мөсөн давхарга. Энэ нь эх газар дээр бус, далайн усан дээр оршдог асар том мөсөн хэсэг юм. Тасарсан уул нь Larsen C давхаргын 12 орчим хувь болж байна.
Тасарсан мөсөн уул нь асар том хэмжээтэй тул Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байгаа гэнэ. Мөсөн уулын талбай нь 5,800 километр квадрат. Харьцуулбал манай Говьсүмбэр аймгийн газар нутаг 5,500 км.кв юм.
Зузаан нь АНУ-ын эрх чөлөөний хөшөөг хоёр давхарласантай тэнцүү буюу 190 метр. Агуулж буй мөсний хэмжээ нь нэг их наяд тонн ажээ.
Larsen C мөсөн давхаргад ан цав гарсныг эрдэмтэд эртнээс ажиглаж байсан юм. Үүний шалтгаан нь цаг уурын дулааралтай холбоотой гэнэ. Гэхдээ тасарсан мөсөн уул дангаараа хайлаад далайн түвшнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадахгүй ажээ. Антарктид тивийн бүх мөсийг хайлуулбал далайн түвшин 60 метрээр нэмэгдэнэ гэж үздэг.
Одоо тасарсан мөсөн уул нь Атлантын далайн өмнөд хэсгийн Ведделийн тэнгист хөвж яваа. Тэр далайн дулаан температуртай хэсэгт хүрвэл хайлж багасна. Мөсөн уулыг хойшоо хөвсөөр Фолклэндийн арлуудын дэргэд хүрч магадгүй гэж зарим нэг судлаачид үзэж байна.
Харин үлдсэн Larsen C давхаргын хэмжээ энэ хэвээр үлдэх үү, эсвэл цаашид үргэлжлэн багасах уу гэдэг талаар эрдэмтэд өөр өөр байр суурьтай байгаа юм. Зарим нь Larsen C дахин мөс хуримтлуулж, нөхөгдөж болзошгүй ч гэж үзэж байна.
Өмнө нь 1995 онд Larsen A, 2002 онд Larsen B гэсэн мөсөн давхаргуудад ийм хагарал үүсч байжээ.