Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны наадам

ОРШИЛ

Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан “Анх үзсэн наадам”-ынхаа тухай дурсамж бичихийг санал болголоо, сониныхон маань. Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч, наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамж сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугай, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээ хөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.

Аа тийм, ил тод дурсах боломжгүй анхны дурсамж гэхээр та нар юу гэж бодсон? Тэр чинь биш ээ, анх удаа хүйтэн төмөрт хэлээ наасан, зууханд гараа түлснээ л хэлж байна.

Ингээд сэтгэлд тодхон санагдах анхны наадмын дурсамжаа хаанаас эхлэхийг мэдэхгүй баахан эргэлзлээ. Тодорхой боловч хаанаас эхтэй нь тодорхойгүй дурсамж бас байна аа. Нэг бол хэтэрхий холоос эхэлчих гээд, эсвэл дутуу үлдчих гээд байгаа ч юм шиг бодогдоод. Ямар ч байсан МЭӨ үеэс эхлэхгүй. Уг нь би төрсөн учраас л миний сэтгэгдэл гэж байгаа юм гэдэг утгаар эхээс унасан мөчөөс наашлуулан ярьж болох ч товчлохоор шийдлээ.

НЭГ. ХАМААТНЫ СУРАГ

Манайх Өвөрхөндлөнд зусч байлаа. Завхан аймгийн Шилүүстэй, Отгоны зааг нутаг л даа. Орон нутагт ямар хил гааль байх биш, сайхан холилдоо л амьдарна шүү дээ. Миний дурсамж, сэтгэгдлүүд тэр зунаас л эхэлдэг.

Нэг удаа гэрийнхээ хажуугийн ар дээр тоглож байгаад Мянган уулын ар шил дээр хуралдсан их үүлний сиймхийгээр харагдах хөх тэнгэрийг хараад учиргүй сэтгэл хөдөлснөө мартдаггүй юм. Тэнгэрт хуран үүдсэн үүлсээс асар том уулс, хадан хясаа, цэлгэр хөндий олж харав. Газраас олж хардаг байгаль үүлэн дунд цогцолсон байхыг үзэв. Өөдөө харсан хүний анхны сэтгэгдэл. Гэртээ, хана униндаа, их сайндаа хажуугийн ууландаа тулаад зогсдог байсан мэдрэмж гэнэт хаяагаа тэлсэн, бүр хязгааргүйгээр шүү. Яг л их тэсрэлт гэдэг шиг, би ч өөрөө учиргүй томрон тэлээд явчих шиг санагдаж билээ. Уул ус, үүл тэнгэрийн нэгэн цогцлолыг хараад сэтгэл минь хачин уяран, ямархан нэгэн хөгжим эгшиглэх мэт. Тэр хөгжим тэнгэрээс бус, миний сэтгэлийн гүнээс эгшиглэхийг мэдрэх хачин. Тэр мөчид л би төрсөн, эсвэл амилсан юм шиг санагднам бөлгөө.

Бас тэр зун би анх унадаг дугуй үзсэн юм. Зусландаа буухын өмнө манайхан “Дашпунцагийнх унадаг дугуйтай юм билээ. Чи айлын хүүхдийн тоглоом булаалдаад байгуузай” хэмээн сануулсан байгаа юм. Унадаг дугуй харах нь бүү хэл ийм нэр анх удаагаа дуулав. Төсөөлөн бодвоос, яаж ч тавьсан уначихдаг нэгэн зүйл дугуй хэлбэртэй тоглоом бололтой.

Айл буугаад үзвэл, мордож аваад, жийгээд давхидаг хөөрхөн унаа ажээ. Миний үе тэнгийн Нямсүрэн гэдэг жаал нөхөрсөг, хөөрхөн ааштай хөвүүн байсан нь миний багын найз нарын нэг болох учиртай байсан ажгуу. Надаас болж хэрүүл гараагүй, бас би дорхон нь тэр дугуйг унаж сураад, хаа сайгүй жийдэг болсныг үзвээс найрсаг сайхан нөхөрлөлийн эх тэнд байжээ.

-Нөгөө наадам анх үзсэн асуудал юу болсон бэ, гэж үү? Одоо орлоо, бараг ярьж эхлэх гээд байна.

Манай хот айлын бараг үүдээр машин зам өнгөрөх. Хөндлөнгийн даваагаар даваад арагшаа Ар Цэцэрлэг, ерөнхий утгаараа Ширээгийн голын эх рүү ороод цаашлан Улиастай ч, Отгоны амралт ордог замаар Отгон сумын мод ачсан машин их явдаг байв.

Нямсүрэн бид хоёр түүгээр явдаг хэдэн машиныг нь нүдлээд тогтоочихсон, заримыг нь өөрийнхөөрөө нэрлэчихсэн. Манай зусч буй Жимээгийн амны жалгаар машинууд тонголзоод, олийсхийн гарч одох тул “Хонхос түмбэс” гэх. Тэнд хонхолзож байгаад машинаа унтраасан нэг жолоочид “тараг асгадаг” гэсэн цол хайрлав. Биднийг гүйгээд очтол хувинтай тараг нь юу ч үгүй асгарчихсан, “хайран юм” гээд кабинаа угаагаад байсан юм. Кабин хайран байсан уу, тараг хайран байсан уу, бүү мэд.

Тэр машинууд заримдаа манай гадаа зогсож цай уугаад явдаг байв. Зочноо цайлах нь монгол ёс, Отгоныхон бараг л нэг дорын улс учраас нэлээд нь танил, ядаж л зүс харсан улс байдаг бололтой. Сарлагийн сүүтэй, зөв болгосон сайхан цай бол алжаал тайлан, бие сэргээх гайхалтай үйлчилгээтэйг одооны хүмүүст тайлбарлахын тулд “хөдөө талд энд тэндгүй тааралдах, үнэгүй старбакс кофены газар” гэвэл их л ойлгомжтой буух байх.

Гэтэл нэг өдөр манайд цайлагсдын дунд нэг бор ногоон бүрх малгайтай, махлаг хүрэн бор хүн байв. Тэр хүний малгайг бодохоор л гуулин данх санаанд ороод байдаг боловч малгай, данх, гууль гурвын дунд ямар ч төсөөтэй зүйл байгаагүй юм. Эсвэл цилиндр хэлбэрээс нь болоод тэгсэн юм болов уу. Түүнийг харуут л манайхан хоорондоо нэг юм сэм шивнэлдээд явчихсаны дотор “Мөн үү, мөн мөн” гэсэн үгс сонсдоод өнгөрөв.

Тэр бол манай хамаатны Цэрэн ах байсан юм. Тэрээр Отгон сумын “Түүхий эдийн эрхлэгч” гэдэг албатай хүн аж. Малын гаралтай бүтээгдэхүүн хариуцсан алба юм даа. Миний анхны наадам энэ хүн манайд ирснээс үүдэлтэй гэж болно.

Эмээ маань нэгэнтээ “Манай зарим хамаатнууд Зүүнхангайд нэлээн байдаг” гэж ярьж байсан юм. Энэ нь Увс аймгийн Зүүнхангай сумыг хэлээгүй, харин манайх Шилүүстэйгээс зүүн хойшоо чигтэй Отгонтэнгэрийн өвөр, Буянт голын эх нутгийг ярьсан юмсанж. Энэ нутгийг Отгон сумын Хангайн бригад ч гэдэг байв. Үнэхээр тэнд Омоо өвгөн хэмээх лам дүрмийн буурал, бид “Гигаа” хэмээн авгайлах боловч жинхэнэ нэрийг нь огт мэдээгүй өнгөрсөн сайхан ааштай эмээ, түүний хөвүүд Доржпалам, Халтайхүү ах бас Очир панз гээд сүйхээтэй эр зэрэг манай төрлүүд түүгээр нутагладаг болохыг нэлээн хожуу мэдэж авсан юм. Энэ бүхэнтэй би Цэрэн ахаар дамжиж сүүлхэнд холбогдсон билээ.

ХОЁР. АЙЛД ХОНОСОН НААДАМЧИН

Хойтон нь манайх Хөндлөнгийн давааны ард, Ар нарийнд зуслаа. Намайг тусад орж, хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэж, Отгон суманд Цэрэн ахынд айлчин хийлгэх, наадам үзүүлэх юм болов. Ингээд давааны замаар байнга цувдаг машины замыг бараадан унаа хайв. Мод ачсан машин уул даваанд уухилан аахилан удаан явах тул машин айсуй чимээ их л холоос дуулдана. Дөхөөд ирэхийн алдад богцоо бариад гарахад болно.

Хамаатан садандаа миний барьж очих бэлэг гэвэл түүхий сүүний бяслаг, ганц нэг тогооны өрөм. Манай нутгийн түүхий сүүний бяслаг, сарлагийн өрөм бол брэнд юм шүү, гайхуулж байгаа ч юм биш.

Анх удаа гэрээсээ холдож, ганцаараа толгой даан, ах дүүгээ хэсэхээр хол одож байгаа маань энэ. Мод биш цөөн зорчигч, хэдэн хонь ачсан Борис гэдэг орос нэртэй жолооч таарав. Гурилын шуудайны ёроолд хийсэн тээшээ л их хямгадан тэвэрч явлаа.

Борис жолооч наадмын өмнө хонь, айраг цагаа цуглуулж явсан юмсанж. Замаараа Хужиртын голоор айл хэссээр нар жаргав, улмаар шөнө боллоо. Гэтэл “Бензин дуусчээ” гэсэн үг сонсдож, танихгүй айлд хонох боллоо. Тэр үеийн жолооч нар хянах самбараа хардаггүй байв уу, эсвэл түлшний хэмжүүр нь эвдэрсэн байсан уу, бүү мэд. Ямар ч байсан давхиж яваад “За бензин дууслаа” гээд хээр зогсдог жолооч зөндөө л байсан юм.

Ийнхүү хээр саатаж, ойролцоо байсан айлд хонох юм болоод явчихлаа. Анх удаа аян замын барцад садаа учирч байгаа нь энэ. Бас эр хүн болоод танихгүй айлд, гэр бүлээсээ хол хонож үзэж буй нь ч энэ. Нүдэнд дасаагүй, танил бус унь тооно дээр харагдаад эвгүй байсан ч нойрондоо дарагдаад нам унтжээ. Нэг мэдэхэд өглөө болчихсон, хүмүүс намайг сэрээж байлаа.

Машин дээрээ ирээд хамгийн түрүүн нандин тээшээ хайвал байх нь байж байв. Даанч тэвшин дээр хоносон хонины хөлд гишгэгдээд, бурхан минь юу ч үгүй талхлагдан үйрчээ. Өрөм бол “өнгөрсөн хорвоо” болжээ. Харин бяслаг нь “Хөөрхий, энэ хүүхэд уул нь бяслаг авч явсан нь үнэн юм шүү” гэхээр юм бол үлджээ, үлдэж. Анх удаа тээшээ сүйдлүүлж байгаа минь энэ. Харин анх удаагаа айлчилж байгаа хамаатнуудынхаа царайг яаж харна аа гэхээс ичиж байлаа.

ГУРАВ. ХӨТӨЧТЭЙ ЗОЧИН

Борис жолооч намайг Цэрэн ахынд, сүйтгэгдсэн тээштэй нь хамт биечлэн хүлээлгэж өгөв. Хонинд гишгүүлсэн бяслагаа яаж өгснөө санадаггүй юм. Ямар ч байсан өгсөн юмдаг.

Цэрэн ахынхан өнөр өтгөн айл ажээ. Хэнтэй нь уулзсан нүүр дүүрэн инээмсэглэл, найрсаг сэтгэл бялхсан нэгэн айлын босгыг анх алхсанаасаа хойш мөн л олон жил элээсэн дээ. Хамгийн том хүү нь Чулуунхүү ах, тэгээд Загарсүрэн эгч бусад нь миний ойр насны болоод дүүмэд хүүхдүүд. Гэрээрээ нэг ижил ааштай, сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүсийн царайг анх тэгж харж билээ. Намайг Даананжав гэж надаас ганц хоёр ах хөвүүн дааж аваад учиргүй халамжлан, сумын төвийг үзүүлж байв. Анх удаагаа сумын төв үзэж байгаа нь тэр.

Энийг сургууль, тэрийг эмнэлэг, харин энэ бол дэлгүүр гээд дагуулан орно. Анх удаагаа аяллын хөтөчтөй болж үзсэн маань тэр. Том шар хаалгатай, бараа таваараар “хахсан” дэлгүүр нь онцгой сэтгэгдэл төрүүлэв. Илүү гэртээ хэдэн шуудай гурил хурааж, орныхоо хөндийд ойр зуурын чихэр жимс чихсэн, сумын худалдааны агентаас хэтрээгүй миний үзсэн анхны супермаркет тэр байв. Чихэр жимс, еэвэнгийн үнэр лангуунд нь нэвт шингэснээс гадна, олон тавиураар дүүрэн хувин сав, хувцас гутал, тоглоом өржээ. Бурхан минь, энэ хорвоо ч мөн баян ажээ гэх маягийн юм бодогдов.

Даананжав ах тоглож байгаа хүүхдүүд рүү очтол нэг жаал олон нүхтэй төмөр барьчихсан гайхуулж харагдана. Одоо бодоход “газ-69” машины хянах самбарын араам байсан юм билээ.

Даананжав ах,

-Энэ хоёр нь нүд байна, энэ нь хамар байна гээд цоорхой нүхнүүдийг заав. Нөгөө жаал тоглоомыг нь магтсанд нүд нь сэргээд ирэв.

-Энэ тэгвэл ам нь байна гээд доод талын том нүхийг заав.

Урамшсан жаал,

-Нээрээ, тийм байна гэтэл Даананжав ах,

-Тэгээд. Чи л байгаа биз дээ гэчихээд зугтаалаа. Би ч дагаад ухасхийв. Нөгөө жаал уурсан, хойноос жаахан хөөж байгаад болив. Анх удаагаа бусдын дүйвээнд ч болов дүрсгүйтмэр аядаж байгаа минь ч энэ.

Дараа дараагийн жил намайг ирэхэд Даананжав ах ингэж үйлчилсэнгүй. Учрыг хожим дуулахнээ, “гэр орноосоо холдож үзээгүй, айлын жаахан хүүхэд гэрээ санаад уйлж магадгүй. Иймээс уйдах зав гаргалгүй юм үзүүлж, зугаацуул” гэсэн даалгавар авсан байгаа юм даа. Тэгээд тусгай даалгавар биелүүлж явсан хэрэг. Бас л анх удаагаа тусгай даалгавартай, дагуултай явж үзсэн нь тэр байж.

ДӨРӨВ. НААДАМ

Маргааш нь жинхэнэ наадам болов. Буянт голын хөвөөнд асар майхан алаглаад нүд эрээлжилнэ. Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав 100 хүрнэ ээ” гэдэг онигоо шиг тийм олон хүн цуглаад, газар тулдаа л дааж байхыг анх харав. Бөх, морийг бол таг мартжээ. Бөх барилдаж л байсан санагдана. Ер нь морь уралдсаныг мэдээгүй өнгөрсөн шиг байгаа юм.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *