Categories
мэдээ нийгэм

​“Анхаарал, хариуцлага эрсдэлгүй орчин” аян эхэллээ

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохиохоор болов. Аян энэ сарын нэгний өдрөөс есөн сарын нэгний хооронд хоёр сарын хугацаанд явагдана. Нийслэлийн засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг үндэслэл болгон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд:

– Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын дөрвөн чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд /Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, Долоон буудлын пост/ хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэд хяналт тавина.

– Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга рекламыг телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээнэ.

– Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн баяр наадамаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын үйлчилгээ, түр хамгаалах байрыг ажлуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Ц. УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *