Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дууссан ба нийт 30890 шалгуулагч бүртгүүлснээс 2500 орчим нь өмнөх оны төгсөгчид аж. Шалгалт долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт оржээ. Суудлын хуваарийг хэвлэх, технологийн хувьд бага зэргийн өөрчлөлт орсон. Сурагчдын тухайн шалгалтын байранд ирэх цагийг тодорхой зааж өгч байгаа аж. Учир нь шалгалтын байранд ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гурван хэсгийн аль хэсгээр нь нэвтрэхийг тухайн суудлын хуваарь дээр тодорхой зааж өгсөн гэнэ.
Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг анги, танхимд 12 шалгуулагч сууж шалгалт өгөх болсон. Иймээс шалгалтын байрыг 80-аар нэмэх шаардлага гарсан. Харин 50 шалгалтын байранд сонсох чадварын шалгалтыг даалгаврыг гүйцэтгэх төхөөрөмжийг байршуулсан учраас энэ жил англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг шалгалтын агуулгаас хасах шийдвэрийг гаргажээ.
Түүнчлэн шилэн технологи буюу шалгалтын хариуг засагч машины тоо хүрэлцэхгүй байгаа учраас шалгалтын дүнг өдөр өдөрт нь гаргадаг энэ системээ ашиглах гэнэ. ЭЕШ-ын эцсийн дүнг VII сарын 6-нд Боловсролын үнэлгээний төвөөс зарлаж 7,8-ны өдрүүдэд их, дээд сургуулиудын элсэлт онлайнаар зохион байгуулагдана. Тухайн сарын 9,10-ны өдрүүдэд БҮТ болон төгссөн сургуулиудаасаа ЭЕШ -ын батламжаа гардуулах юм байна.