Ангараг гариг дээр ус байдгийг энэ зургаар баталжээ
Вашингтон дахь Смитсоновын хүрээлэнгийн эрдэмтэн Шэрон Уилсон “Бид Ангараг гариг дээр ус, нууртай байсан газруудыг илрүүлсэн. Заримдаа усны хэмжээ нь нэмэгдсэнээс эргээсээ хальдаг байсан. Өөрөөр хэлбэл, усаар баялаг гариг байсан гэсэн үг” хэмээн саяхан мэдэгдсэн. Одоогоос 3-3,5 тэрбум жилийн өмнө Улаан гариг нь гол мөрөнтэй, дулаахан гариг байсан гэдэг дээр эрдэмтэн судлаачид бүгд санал нийлдэг болжээ.
Америкийн сансар судлалын агентлагаас (NASA) Ангараг гаригийн тухай олны анхаарлыг татсан мэдээллүүдийг байнга хийдэг. Тэнд ус бий гэдгийг одоогоос хэдэн сарын өмнө NASA-гийн судлаачид тогтоосон нь нэлээд шуугианд тарьсан. Зүгээр ч нэг ус бус нуур, гол байсан тухай мэдэгдэж, нягтлан судлаад ус байдаг болохыг тогтоосон юм. NASA-гийн харь гаригийн шинжлэх ухааны асуудлыг хариуцсан захирал Жим Грин энэ талаар ярихдаа “Ангараг бол бидний бодож байсан шиг хуурай газар биш. Бид тэндээс усны ул мөр олсон” гэжээ. “Curiosity” төхөөрөмжийн авсан өнгөт зураг дээрх хар зураасууд нь хатсан усны ул мөр хэмээн эрдэмтэд тайлбарласан. Түүгээр ч зогсохгүй Улаан гариг нь дөрвөн улиралтай. Одоогоос гурван тэрбум жилийн тэртээд Ангарагийн цаг агаар нь манай дэлхийнхтэй тун ижилхэн байсан гэдгийг ч судлаачид онцолсон байдаг.
Улаан гаригаас метан илэрчээ
Ангарагаас бичил биетүүдээс гадна метан илэрсэн юм. Энэ нь амьд биет байгаагийн баталгаа. Метан чухам хаанаас, хэрхэн бий болсныг судлаачид хараахан тогтоож чадаагүй байна. Энэ үүнийг батлах судалгааны материалуудыг “Nature Geocsience”-д нийтэлжээ.
Ангараг гариг дээр илрүүлсэн давсархаг ус нь халууны улиралд гарч ирдэг, хүйтрэхэд алга болдог онцлогтой. Палеонтологичид гариг дээр байрлуулсан “HiRISE” хэмээх өндөр мэдрэмжтэй төхөөрөмжийн авсан зургийг судалгааныхаа ажилд ашигласан байна.
Жорж мужийн Технологийн дээд сургуулийн эрдэмтэн Лухендр Ойха нь энэ чиглэлээр дагнан ажилладаг. Түүний ярьснаар Ангарагийн гүвээтэй газраар гол урсдаг, ус нь перхлорат (давсархаг бодис) агуулсан тул хүйтрэхэд ширгэн алга болдог аж. Эрдэмтдийн ярьснаар голын өргөн нь ойролцоогоор таван метр. Хамгийн гол нь голын ус давс агуулсан нь Ангараг дээр хүн амьдрах боломжтойн баталгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар энэ гаригийн тойрог зам дээр таван станц байрлуусан байгаа. “Mars Odyssey”, “MRO”, “MAVEN” гурав нь Америкийнх. Түүнээс гадна “Opportunity”, “Curiosity” хэмээх хоёр өөрөө явагч төхөөрөмж өдөр шөнөгүй ажилладаг. “Curiosity” өөрөө явагчийн авсан зургийг палеонтологичид бүхэн нь хэдэн тэрбум жилийн өмнө бол Ангараг дээр хүн амьдрах боломжтой байсны баталгаа аж.
Өнгөрсөн оны есдүгээр сард Ангараг дээгүүр явагч “Curiosity” төхөөрөмж нь чулуужсан, бөөрөнхий зүйлийн зургийг авсан байдаг. Энэ зүйл тоосонд нэлээд дарагдсан байжээ. Ойр хавийнх нь чулуутай харьцуулахад бараан өнгөтэй байсныг эрдэмтэд дурдсан. Нэг сантиметр диаметртэй чулуу нь Улаан гаригийн тухай олон нууцыг агуулж байгаа гэдэг. Тэдгээр нууцыг олж нээхээр эрдэмтэд ажилласаар байна.
Ангарагийг судлахад “Spirit”, “Opportunity” өөрөө явагч төхөөрөмжүүд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэднийг 2004 онд Улаан гариг дээр буулгасан юм. NASA тэднийг илгээхдээ тэнд амьд биет байгаа эсэхийг тогтоох зорилго тавьжээ. Хоёр дахь үеийн гэгддэг эдгээр төхөөрөмжөөс “Opportunity” нь одоо болтол үүргээ сайн гүйцэтгэж байгаа.
Дашрамд дурдахад, Ангараг гаригийг телескоп бий болсон цагаас эхлэн судалсан юм. Тус гариг дээр ус байгаа талаар эрдэмтэд янз бүрээр ярьж, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ч туурвиж тэнд ямар ч амьдрал байхгүй хэмээн дийлэнх нь бичсэн байдаг. Техник технологи хөгжиж, шинэ төхөөрөмжүүд бүтээж, түүнийгээ Ангараг руу илгээснээр судалгаа улам нарийссан. Ингээд ямар ч мод ургамал байхгүй гэдэг нь батлагдсан юм. Гол мөрөн байсан ул мөрийг илрүүлсэн нь түүний талаарх төсөөллийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
1970-аад оноос эхлэн эрдэмтэд Ангарагийн газар, шороог судлах ажлыг эхлүүлсэн. Тэр үед NASA агентлаг “VIKING” хэмээх төхөөрөмжийг илгээсэн түүхтэй. Ингээд тэндээс авчруулсан шорооны дээжийг шинжлэхэд ердөө нэг хувийн чийгшилтэй байсан. Өөрөөр хэлбэл, ус байх магадлал тун бага гэсэн дүгнэлтэд хүрсэн. 1990-ээд онд Улаан гаригийг судлах ажлын шинэ үе эхэлсэн гэж болно. “Mars Global Surveyor” хиймэл дагуул нь Ангарагаас авсан зураг нь ус байсан гэдгийг гэрчилсэн. Ийнхүү Улаан гаригийн тухай олон шинэ нээлт хүн төрөлхтнийг хүлээж байна. Харин Америкийн эрдэмтэд 2020 он гэхэд тийш нь хүн илгээхээр бэлтгэлээ базааж байгаа юм.